УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж \”Төрийн алба 180 мянган хүнтэй, банкны зээлгүй хүн алга. Малчин нь бүгдээрээ Хаан банкны зээлтэй. 300 мянган тэтгэвэр авагч нь мөн тэтгэврийн зээлтэй. Аж ахуйн нэгжүүд нь банкинд мөн бизнесийн зээлтэй байна” гэв. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүүг үе шаттайгаар жилд 1-2 хувь бууруулахгүй бол арилжааны банкууд мафийн зохион байгуулалтад орлоо. Гадны хөрөнгө оруулалттай жилийн 2-3 хувийн хүүтэй зээл олгодог банк оруулж ирье гэхээр эсэргүүцдэг болохыг дурдсан юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2016 оны Мөнгөний бодлого боловсруулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан \”Зээлийн хүү өндөр байгаатай санал нэг байна. Ажлын хэсгийн төвшинд гишүүдийн гаргасан саналын дагуу ярилцсан. Механикаар бууруулах арга хэмжээ авахад хүндрэлтэй. Цаана нь хадгаламжийн хүү байгаа. Бодит байдлаар дэмжихийн тулд 2016 оны төсвийг алдагдалгүй батлах, валютын урсгалыг нэмэгдүүлэх. Авсан зээлээ хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зөв юм аа гэж үзэн, хоёр ч зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороонд оруулж ирж байгаа” гэсэн хариу өгөв. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал \”Зээлийн хүртээмж нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд улсын төсөв нь тогтмол нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай гардаг болсон. Дээр нь орлогоо зөв тооцдоггүй, эдгээр шалтгаанаас болж аж ахуйн нэгжүүд нь банкнаас зээл авч ажил гүйцэтгэдэг, төр нь гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг өгч чаддаггүй гээд бэрхшээл гарах болсон. Мөнгөний зах зээл дээрх эрсдэл буурахгүй байна. Банкууд ногдол ашиг тараадаггүй, ашгаараа зээл өгөх боломжоо нэмэгдүүлж ирсэн. Банкны систем бол онцлогтой. Нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд зээлүүлдэг. Хүчээр зээлийн хүүгээ бууруул гэж захиргаадаж болохгүй. Хуулийн гаргалгааг нь сайн гаргах ёстой” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт \”Төрийн банкийг хувьчилах жагсаалтад багтаан оруулж ирлээ. Энэ зөв үү. Хувьчлах сургаар эдийн засгийн үзүүлэлтүүд нь муудаж, суларч байгаа сонсогдох. Төр бодлогоороо Төрийн банкийг байлгаж болдоггүй юм уу. Түүгээрээ дамжуулаад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл гээд сангуудынхаа зээлийг бизнес эрхлэгчиддээ хүргэж яагаад болохгүй байна вэ зэрэг гишүүд санал дэвшүүлэв. Ингээд эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ц.Нямдорж гишүүний гаргасан арилжааны банкны зээлийн хүүг бууруулах саналыг дэмжсэний зэрэгцээ 2016 оны төсвийн алдагдлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг сайжруулахтай холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах зэрэг саналууд тус бүр дэмжлэг хүлээж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.