Ипотекийн зээл үргэлжилж байгаа гэдгийг
албаныхан хэлсээр байна. Гэвч нийгэмд зогссон мэт ойлголтыг өгч байгаа юм. Уг
нь утаа тортогтоо баригдаж суухаар гэр хорооллын айл өрхөө орон сууцанд
хамруулчихвал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэвч Монголд ипотекийн зээлд
хамрагдах чадамжтай 80 мянга орчим айл өрх л байжээ. Өөрөөр хэлбэл тэднээс
бусад нь банкны шаардлагыг давж чадахгүй байгаа юм.
Ер нь 30 хувийн босгыг давж, зээл
авах тогтмол орлоготой иргэд алга. Орлоготой боловч, урьдчилгаагүй. Урьдчилгаа
байвч тогтмол орлогогүй, эсвэл нийгмийн даатгал төлөгдөөгүй гээд олон
шалтгаанаас болж иргэд банкнаас тавьж буй шаардлагыг давж чадахгүй байна.
Засгийн газар өнгөрөгч онд 111
тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулжээ. Харин ирэх онд 120
тэрбум төгрөгийг зарцуулна гэж төлөвлөсөн байна. Гэвч энэ санхүүжилтийг хэн
авах вэ гэдэг нь одоогоор бүрхэг байгаа билээ.
Уг нь гэр хороололд амьдарч буй өрх
бүр л орон сууцны зээлд хамрагдаж, ая тухтай амьдрахыг хүсч байгаа. Гэвч
шаардлага, шалгуур нь хэт өндөр байгаа юм. Тиймээс Засгийн газар зээлийн журамд
тодорхой өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргалаа.
Ажлын хэсэг урьдчилгааг бууруулах,
зээлийн хүүг багасгахад ямар үр нөлөөтэй байх талаар судалж ажиллаж байна. Мөн
жил бүр хийгдэж буй санхүүжилтээр олон өрхийг зээлд хамруулах боломжийг судалж
байгаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлж байна.