2016 оны төсвийн төсөлд шатахууны татварыг нэмэгдүүлэхээр
тусгасан. Тэгвэл ордонд шатахууны татварыг 100 хувиар нэмэх тухай яриа гараад
эхлэв. Ингэснээр оны эцэст 17.8 тэрбум төгрөг, 2016 оны улсын төсөвт 60 гаруй
тэрбум төгрөг сууна гэж төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс \”Төсвийн
алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврыг Сангийн яамнаас
хүлээн авч, шатахууны татварыг нэмэгдүүлэх замаар биелүүлэхээр болсон нь энэ
аж.
Харин нөгөө талынхан буюу шатахуун импортлогчид \”татвар нэмэгдвэл шатахууны үнэ ч дагаад
өсгөхөөс өөр аргагүй” гэж мэдэгдсэн байна. Уг нь дэлхийн зах зээл дээр нефтийн
бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурчихаад байгаа. Гэвч Монгол Улсад ямарч
өөрчлөлтгүй байсаар байгаа юм. Харин эндээс шатахуун импортлогчид их хэмжээний
ашиг олж байна хэмээн үзэж УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг
нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдсэн гэж Сангийн яамнаас үзжээ.
Гэвч шатахуун импортлогчид энэ шийдвэрийг таатай бусаар
хүлээж авахаа мэдэгдчихлээ. Улсын төсөвт 60 тэрбум төгрөг суулгахын тулд
шатахууны үнийг нэмэгдүүлэхээс аргагүй байдалд хүрчихлээ гэж ойлгогдож байна.
Нэгэнтээ улсын төсвийн орлого тасарсан учраас нөхөх нь зөв. Гэвч үнийн
хэлбэлзлээс ашиг олж буй шатахуун импортлогчдыг торгох бус ард иргэдийнхээ
халаасыг тэмтрэх л ажиллагаа болох нь.
Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ ч
дагаад өсдөг жамтай. Харин шатахууны үнэ буурахад дагаад буудаг тогтолцоо
Монголд байдаггүй. Өөрөөр хэлбэл дэлхий хоёр дахин хямд үнээр шатахуунаа
худалдан авч хэрэглэж байхад манайд аль таван жилийн өмнө өссөн тэр л үнээр
шатахуун худалдан авч хэрэглэсээр л байна.
Амар