Мэнгэгүй хүн гэж бараг байдаггүй.
Нас ахихын хэрээр хүний биед гарах мэнгэний тоо олширч, янз бүрийн өнгөтэй
болох нь бий. Мэнгэ гэдэг бол хүний биеийн арьсны нөсөө нэг дор бөөгнөрснөөс
үүсэх судасны гажиг гэж ойлгож болно. Мэнгэ ихэвчлэн төрөлхийн байдаг. Заримдаа
бүдэгхэн байсан мэнгэ аажмаар томорч өнгө нь тодрох нь ч цөөнгүй. Мэнгэ
хэдийгээр эмгэг боловч амь нас, эрүүл мэндэд төдийлөн аюулгүй. Гэхдээ мэнгэ
гарсан газар, үүссэн шалтгаанаас хамааран нөлөөлөл нь харилцан адилгүй.
Тухайлбал судасний бөөгнөрөлөөс шалтгаантай мэнгэ томсудсанд ойрхон байрласан
бол хамаагүй оролдох, авхуулах мэс засал хийлгэх нь осолтой. Мэнгэ ихэвчлэн
жижгхэн хар товруу хэлбэртэй байдаг ч цөөнгүй тохиолдолд гадаргуу нь барзгар,
том, дээрээ үсэрхэг, өнгө нь хар хүрэн, улаан гэхчлэн янз бүр.
Мэнгэ улаан,
ягаан, хөхөлбөр өнгөтэй байвал цусны судасны бөөгнөрөлөөс үүдэлтэй гэж үздэг.
Зарим мэнгэ үүтэй төсөөтэй байдаг. Ийм мэнгэ хар харавтар өнгөтэй гадагшаа
товойсон, эсвэл арьсны өнгөтэй байж ч болно. Монголчууд төдийгүй гадны улс
орнууд ч гэсэн мэнгийг хэн нэгэн бурхан болоочид тавьсан тэмдэг гэж үзэх нь
элбэг. Хэдийгээр нарийн судалгаа хийгдээгүй ч талийгаачид тавьсан тэмдэг аль
нэг үр удамд нь хуулбарлагдан ирсэн тохиолдол цөөнгүй байдаг нь хүний биеээс
ялгарах соронзон оронтой холбоотой байж магадгүй гэх таамаглал байдаг. Өөрөөр
хэлбэл цус, ясан төрлийн хүмүүсийн хоорондын холбоотой хамааруулж үздэг
бололтой.
Тухайлбал хүний эцэг эх, хүүхдийнхээ өвдөж, гэмтэх зэргийг зөнгөөрөө
мэдэрдэгтэй төстэй тайлбар байх. Зарим хүний мэнгэ нүүрний ил хэсгийг голдуу
хамарсан том талбайтай, ягаавтар өнгөтэй байдаг. Ийм мэнгэтэй хүмүүсийн хувьд
хэт даарах, нарны хурц туянаас цочрох хандлагатай байдаг тул ийм байдлаас
зайлсхийх, хамгаалах арга хэрэглэхийг зөвлөдөг. Ер нь хэвийн жижг мэнгэнээс
бусад мэнгэ өөрчлөгдөж, томорч буй эсэхийг ажиглаж байх хэрэгтэй. Ингэж
өөрчлөгдөж байгаа мэнгэ ямар нэг урхаг өдөөж болзошгүй тул эмчид үзүүлэх нь
зүйтэй. Түүнээс гадна элэг, дэлүү, цусны зарим өвчний үед биеээр улаан, ягаан
мэнгэ нэмэгдэх нь бий. Ийм мэнгэнүүд эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Эрүүл хүний
биеийн хаа нэгтэй гэнэт мэнгэтэй төстэй гүвдрүү, товруу, толбо гарах нь ямар
нэг өвчин эмгэгийн шинж байх магадлалтай тул эмчид үзүүлж зөвөлгөө авах нь
зүйтэй. Ямар ч тохиолдолд мэнгээр, тэр тусмаа нүүр, толгой хавиар гарсан
мэнгийг хамаагүй оролдох нь осолтойг санаж явах нь илүүдэхгүй.
Олхонууд ШААБАР