Тэд өнөөдрөөс өршөөгдөж,
албан ёсоор \”эрх чөлөөт иргэн” болж байна. Тэдэн дунд ганц удаа алдаж, эрх
чөлөөгөө хасуулсан нэгэн байхад олон удаагийн үйлдлээр давтан яллуулсан
эрүүгийн хүндүүд ч бий. Ижийнхээ элгийг дэвтээж, эцгийнхээ нулимсыг арчиж,
гэргийдээ гэрэл, үрсдээ ухаан нэмэх олон сайхан залуус, ухаачиж, суллагдаж
байгаад баяртай байна. Гэвч өөр нэг хэсэг нь дараагийн гэмт хэргээ үйлдэхээр
замдаа гарч байгаа гэж бодохоор айдас хүрмээр.
Энэ удаагийн өршөөл
үзүүлэх хуулиар чанга дэглэмтэй хорих ангиас 700 орчим хүн суллагдсан гэх мэдээлэл
байна. Тэд бүгд ухаажиж, томоожсон болов уу. Тийм байгаасай хэмээн залбирмаар
байна.
Өмнө нь эрх чөлөөтэй
болсон нэгэн шоронд ял эдэлж байснаас хүнд хэцүү амьдрал хүлээн авдаг байсан.
Энэ удаа нөхцөл байдлыг зөөлрүүлэхийг тун их хичээлээ. Суллагдсан иргэдийг орон
нутагт нь хүргэх, ажлын байраар хангах зэрэг ажилд төрийн зүгээс анхаарлаа
хандуулжээ. Гэвч олон жил хоригдсон, очих хаяггүй, санаж сарвайх садангүй
болсон \”хүндүүд”-ийг яах вэ. Тэд эргээд гэмт хэргийн зам руугаа халтирах вий. Шоронд
залуус сайнаасаа мууг илүү их сурдаг гэлцдэг. Тиймээс өршөөлд хамрагдсан зарим
залуус нийгэмд сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгааг хэн өгөх вэ. Энэ шийдвэр
эргээд ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа юм биш биз гэх маш
олон асуултуудыг араасаа дагуулж байна. Цаазын ялгүй Монгол орон ард түмнээ
аюул заналхийлэлээр \”цаазалсаар” л байна. Эрх чөлөөт \”шоронгийнхон” гэр бүлдээ
аз жаргал авч ирэх нь бий ч эсрэгээрээ дарамт, айдас, хүчирхийлэл, нийгмийн аль
болохгүй бүгдийг дагуулж харих нь ч бий.
Жишээ нь энэ удаагийн
хуулиар таван нас ч хүрээгүй хүүгээ заазуурдсан эцэг эрх чөлөөтэй болж байгаа. Түүний
амьдрал түүнийг шоронд орсноор бүр л дордсон. Ял эдлээд гарч ирж буй хүн хүүдээ
өс санах болов уу, эсвэл амьдралаа өөд татахын тулд зүтгэх болов уу. Түүнийг
ямар нийгэм хүлээж байгаа вэ. Ажилгүй битгий хэл ажилтай хүн ч энгийн амьдрахад
хүндрэлтэй л байна.
Эдийн засаг хүндрэхээр
эрүүгийн хэргүүд л олширдог. Харин суллагдаж буй эрүүгийнхэн хөлсөө дуслуулан
ажиллах уу, амар аргаар амьдрах уу. Суллагдсан 100 хүний 5 нь буцаж гэмт хэрэг үйлддэг
гэх судалгаа байна. Харин энэ удаа суллагдаж буй хүмүүсийн хэд нь буцаж гэмт
хэргээ үйлдэх бол, хэд нь нийгэмдээ шингэж уусах бол.
Тэглээ гээд суллагдсан
өдөр нь \”тэднийг” ад үзэх нь юу юм. Иргэд дор бүртээ л анхаарал болгоомжтой
байцгаая. Хэн засаг төр барьж шийдвэр гаргах нь чухал биш. Хамгийн гол нь иргэд
түмнийхээ төлөө л ажлаасай… Өршөөлийн хууль дагасан айдас …
А.Аюуш