Тэд өмнө нь хэзээ ч ингэж нэгдэж байсангүй. Биологичид, гэрэл зурагчид, сэтгүүлчид, баримтат киноныхон нэгдэж байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг байгуулжээ. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд хамтдаа гарч байна. Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч үлдэх гэсэн монголчуудын өөрсдийнх нь оролдлого. Энэ бол \”Хүрээлэн” төсөл. Танья, Хайрлая, Хамгаалъя уриатай \”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал төсөл хэрэгжээд 2 жилийг ардаа үджээ. Та бидний үзэх дуртай нэвтрүүлгийн тоонд зүй ёсоор багтах болсон энэхүү төслийн ерөнхий продюсер М.Буянбадрах-тай хийсэн ярилцлагыг шинэхэн гарсан Cardoctor сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ дугаараас хүргэж байна. Сэтгүүлийг Докторын бүх салбараас төлбөргүй авах боломжтой.
– \”Хүрээлэн” төслийг хийх санаа анх хэрхэн бий болсон юм бэ?
Байгалийн зурагчин У.Ганбаяр маань энэ төслийг санаачилсан. Мань хүн бодож явдаг байсан юм байна лээ л дээ. Одоо үед Хулан харчихаад морь байна гэх хүүхдүүд олон болжээ.
Хүүхдийн сурах бичиг дээр тахь гэсэн зургийн доор африкийн алаг тахины зураг байж байх жишээтэй. Монгол оронд амьдардаг ан амьтдын нэрийг нь л сонсож байснаас, хэзээ ч харж байгаагүй хүн элбэг тааралдаж байна . Зургийг нь үзье гэхээр Монголд авсан зураг байхгүй.
Зарим амьтны зүсийг нь харсан ч нэрийг нь мэдэхгүй байдалд хөгшин залуугүй орсон байгааг анзаарч, ер нь зэрлэг, ан амьтдынхаа зургийг өөрсдөө авъя олон нийтэд таниулъя гэж шийдсэнээр \”Хүрээлэн” төсөл хийх үндэс тавигдсан.
– Яг энэ ан амьтны зургийг авах, сан үүсгэх чиглэлийн ажлыг социализмын үед л хийж байснаас хойш хэн ч энэ тал дээр анхаарч ажиллаагүй хаягдсан салбар байсан байж ээ?
Ер нь манайд энэ төрөл жанр хөгжөөгүй юм байна шүү дээ. Эргээд харсан чинь Самдан гэж хөгшин л 1970-аад оны дундаас 1980-аад оны сүүл хүртэл амьтны зураг авч байж. Киноноос бол Уртнасан гуай байна. Энэ хоёроос хойш тасарчихсан. Тэр үед засгаас мөнгө санхүү, унаа, газарчин гээд бүх юмыг нь бэлдэж өгөөд за тэр амьтны зургийг аваад ир гээд явуулдаг байсан. Тэгэхээр одоо 1980 оноос хойш хэн ч хийгээгүй төрлөөр бид зураг авч, сан үүсгээд яваад байгаа юм. Бид алдсан ч бай, оносон ч бай энэ зүйлийг барьж авч хийснээрээ дараагийн үе маань биднээс давж хийх шалгуурыг тавьж өгч байгаа юм.
Үг илүүдэх агшин Манай гараг дээр баймгүй хачин сайхан өнгө бүрдсэн өвлийн үдэш. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт авсан энэ зурагт үнэхээр үг илүүдэм тансаг агшныг хальснаа царцаажээ. |
– Танай нэвтрүүлэг их үзүүштэй сонирхолтой байдаг нь зөв сэдвийг барьж, мөн зөв баг бүрдсэнийх байх гэж боддог?
Бид 2013 оны намар гэхэд төслийн багийг бүрдүүлж энэ ажилд ханцуй шамлан орсондоо. У. Ганбаяр маань зураг, видеогоо аваад, би нэвтрүүлгийнхээ продюсерээр ажиллах болсон. Манай баг их цомхон бүрэлдэхүүнтэй. Бид анхныхаа аялалдаа 2013 оны 10 сард гарч байсан гэхээр одоо яг 2 жилийнхээ ойн дээр ирчхээд байна. 2 жилийн хугацаанд нийт 42 телевизийн нэвтрүүлэг хийн эфирт цацаж, 55 000 мянган км зам туулсан байна.
Анх төслөө эхлэхдээ 2-3 жилийн хугацаанд хийж дуусгана гэж төлөвлөж байсан ч одоо авсан байгаа ан амьтдын зургаа харахад дахиад ч 2 жилийн ажил байна шүү. Гэхдээ чамлахааргүй их ажлын ард гарсан гэж бодож байгаа.
– Танай төслийн уриа ТАНЬЯ,ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ гээд их утга учиртай уриа санагдлаа?
Эхлээд танья гэдэг нь ан амьтдаа танидаг болчихъё. Энэ мануул байна, шилүүс байна гэдэг ч юм уу? Тэгвэл энэ шилүүс чинь их ховордсон амьтан шүү дээ гээд хайрлах сэтгэл төрнө дөө.
Хүн мэдэхгүй юмаа яаж хайрлах юм.
Ховордсон ч юм уу, элбэг ч юм уу мэдэхгүй.
Тэгээд хайрлахгүй байгаа юмаа яаж хамгаалах вэ дээ. Тэгэхээр бид юу хийвэл байгаль ан, амьтдаа хамгаалж чадах вэ гэхээр бид зураг, видео хийж түүнийгээ ном болон баримтат кино хэлбэрээр хүмүүст хүргэхэд хүмүүс тэрийг маань үзээд байгаль зэрлэг ан, амьтны тухай мэдлэгтэй болж хайрлах хамгаалах хүсэлтэй болгоход оршиж байгаа юм. Бидний цаашдын зорилго бол 60 минутын 4 ангитай баримтат кино хийх. Гол зорилго маань ер нь энэ байгаа юм. Энэ л бидний байгалиа хамгаалахад хийж чадах зүйл.
– Улаан номонд орсон ховор амьтдын зургийг авахад их л хол, хэцүү алс, бөглүү газраар явах хэрэг гардаг байхдаа?
Зэрлэг байгаль, ховордсон ан амьтны зураг авахын тулд дандаа замгүй, хүн, малгүй, хүний үйл ажиллагаанаас хол амар тайван, аглаг зэлүүд газраар л явна. Тэнд л нөгөө ховордсон, улаан номонд орсон амьтад маань байна.
1 ш зураг, 1 минутын дүрсийн төлөө 3000 км явах бол жирийн л үзэгдэл. Бидний аялал маш хүнд хэцүү зам бартаагаар явдаг учраас машин явах боломжгүй газар мориор явна. Морь явахгүй газар камераа үүрээд алхана. Амьтны мөр дагаж 7 хонох бол энүүхэнд. Машин эвдрэх байтугай хүн тэсэхэд бэрх нөхцөлд ч байж үзлээ дээ. Энэ 2 жилийн хугацаанд.
Гэхдээ бидэнд тусалдаг олон сайн хүмүүсийн ачаар энэ төсөл маань амжилттай хэрэгжиж байна гэж боддог.
Бидний машин техникт маань асуудал гарахад Доктор Авто Сүлжээ ХХК маань бидний ард найдвартай байж л байдаг. Бас Төрийн банк тусалж дэмждэг. Эдгээр газрууд маань анх л төсөл эхлэхэд бидэнтэй хамт байсан одоо ч биднийг дэмжиж байдагт баярлаж явдаг.
– Ан амьтны зурганд яваад зорилгодоо хүрч чадалгүй ирэх үе гарч байсан уу?
Байлгүй яахав. Хүмүүс явах болгондоо амьтнаа олоод зургаа аваад ирдэг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Үгүй. Ирвэсийн зургийг авах гэж Өмнөговиос-Ховд хүртэл улсын хил дагуу хэдэн мянган км явсан ч бидэнд 1 минут хүрэхгүй л дүрс байна. Ер нь амьтны зураг авах их хэцүү. Мөрийг нь дагаж олон хоног явна. Олох ч үе байна. Олохгүй ч үе байна. Нутгийн хүмүүс, байгаль хамгаалагчдын тусламжгүйгээр бид нар хотоос очоод тэр амьтныг олоод зураг авна гэж байхгүй.
– Хамгийн сүүлд зэрлэг цааны зурганд явсан гэсэн. Энэ тухайгаа яриач?
Сүүлд Хөвсгөл аймаг руу зэрлэг цааны зурганд явсан. Улаан номонд орсон амьтан.
Хөвсгөл аймгийн иргэдээс хэдхэн хүн л хальт харсан гэж ярьдаг байсан амьтныг сая 6 хоногийн турш хилчидтэй хамт хилийн дагуу явж байж Хэвэнгийн голын эхэнд 19 толгой зэрлэг цааны сүргийн зургийг авлаа. Номонд бичигдэж тэмдэглэсэнээр хамгийн ихдээ 12 толгой л харагдсан гэж байсан. Бид азтай 19 толгой зэрлэг цааг олсон. Аймгийн иргэдийн дунд там түм байдаг гэж яригддаг байсан амьтныг дүрсжүүлж, зурганд буулгаж чадсан.
– National Geography шиг \”Хүрээлэн” гэдэг брэндийг бий болгож чадвал та бүхний цаашдын ажилд маш том дэм болох нээ?
Бид нар авсан гэрэл зургаараа ил захидал, календарь зэргийг гаргаж үзсэн. Гэхдээ энэ зүйл дээр тусдаа хүн ажиллахгүй бол бид нар хөдөө гадаа зургандаа яваад, ирээд нэвтрүүлгээ бэлдэхээр энэ чиглэл рүү анхаарч чадахгүй байгаа юм. Удахгүй \”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийг үздэг хүмүүст зориулж жижиг нэрийн дэлгүүр нээх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэр дэлгүүрээс дараагийн аяллынхаа тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж чадна гэж бодож байгаа Цагаа тулахаар яах юм байгаан. /Инээв/
– Эцэст нь уншигчдад маань хандаж хэлэх зүйл байна уу?
2016 оноос бид нэвтрүүлгийнхээ өнгө аясыг өөрчилж, шинэ өнгө төрхтэйгээр гаргахаар төлөвлөж байна. Мөн нэрийн дэлгүүр нээхээр ажиллаж байгаа. Тэгээд биднийг дэмжиж бидний сэтгэлээ зүрхээ зориулан хийсэн зүйлийг маань үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн биднийг дэмжиж ажилладаг албан байгууллага, найз нөхдөдөө талархаж явдаг шүү.
Ярилцсан М.Бямбацагаан
www.cardoctor.mn