Хэрвээ хил хамгаалах албаа бэхжүүлэхгүй бол Африк тивээс 10 гаруй сая хүн Европын Холбоо руу дүрвэн орж ирэх аюул нүүрлээд байна гэж Чехын Ерөнхийлөгч Милош Земан анхааруулжээ.
Ерөнхийлөгч М.Земан өчигдөр нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө \”Хэрвээ Европын холбоо энэ хэвээрээ байж, худлаа хий хоосон юм ярихаас өөр зүйл хийхгүй, хил хамгаалах албаа бэхжүүлэхгүй бол ойрын хэдэн жилийн дотор Африкаас 10 сая орчим дүрвэгч давалгаалан орж ирэх болно” хэмээн ярьсан байна.
Тэрээр цааш нь ярихдаа \”Африк, Ойрхи Дорнодын орнуудаас ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэх нь Европын ард түмний соёл иргэншилд ноцтой аюул занал учруулна. Тэдгээр дүрвэгчдийн соёл иргэншил нь Европын соёлтой огтхон ч зохицохгүй гэдгийг цагаач дүрвэгчид өөрсдөө ч мэдэж байгаа. Европын улс орнуудад ислам шашинтнуудын тоо ихээр нэмэгдсэн нь исламын алан хядах бүлгүүд бүрэлдэн бий болж, бүс нутгуудад гэмт хэрэг болон хүчирхийлэл газар авахад хүргэж байна” гэжээ.
Ж.Бат