хязгаарлалт нь нийгэмд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал болох утаатай зэрэгцэн ирж ард иргэдийг бухимдуулах боллоо. Энэ асуудлаар ШӨХТГ-ын Орон тооны гишүүн Н.Бямбадоржтой уулзаж, тус газраас ямар арга хэмжээ авч ажиллах гэж байгаа талаар тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдээс шатахууны үнэ өсч, АИ92-т хязгаарлалт хийсэн асуудал хүмүүсийн дургүйцэл, бухимдлыг их төрүүлж байна. Танай байгууллагаас энэ талаар
ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Үнийн зөвлөлөөс Ажлын хэсэг
гаргаж шатахуун импортлогч компаниуд үнэ өртгийн тооцооны хувьд үнэхээр
алдагдалтай байна уу, үгүй юу, үнэ нэмэх зайлшгүй шаардлага байгаа юм уу, улсын
нөөц ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг тодруулахаар болсон. Тэр болтол үнэ
нэмэхгүй гэх чиглэл гаргасан. Үнийн зөвлөл гэдэг бол Засгийн газрыг төлөөлөх
эрх бүхий төрийн байгууллага. Энэ зөвлөлд мөн шатахуун импортлогчид ордог. Өөрсдөө
ороод энэ дээр нэгдсэн журмаар шийдвэр гаргадаг. Гэтэл дээрх шийдвэрийг үл
хэрэгсэж хязгаарлалт тогтоож АИ95, АИ98 шатахууны үнийг нэмсэн байна. Манай
байгууллага өнгөрсөн баасан гаригт шалгалт хийгээд үнээ нэмсэн байна гэдэг нь
тогтоогдсон. Амралтын өдрүүдэд зарим нь бүр хязгаарлалт хийсэн байгаа юм.
Хязгаарлалт хийхдээ үнийг нь нэмээгүй байсан АИ92 шатахуунаа дууссан, нөөц
байхгүй, 95, 98 ав гэсэн байдалтай байна.
Бид нэгэнт мэдэгдэл
хүргүүлсэн. Бид эхлээд үнээ нэмсэн байсан гурван ШТС-ыг дуудаж уулзаад үнээ
буулга, Үнийн зөвлөл хуралдтал үнэ нэмэхгүй гэсэн чиглэлийг өгсөн гэдгийг
хэлсэн боловч хайхраагүй. Мөн өнгөрсөн баасан гаригт бүх шатахуун импортлогчдыг
дуудаж уулзаж, албан ёсны мэдэгдлээ өгсөн.
-Иргэдийн зүгээс гомдол санал ирсэн үү?
-Үнэ нэмсэн асуудлаар
гомдол ирсээр байна. Энэ асуудал нь баримтаар тогтоогдсон учраас бид зөрчлийн хэрэг нээж шалгахаар прокурорт саналаа тавьж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын
1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу, зөрчил илэрсэн бол Зөрчил
хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээгээд прокурорт
бүртгүүлээд, хэрэв прокуророос үндэслэлтэй байна, шалга гэвэл дахин шалгалт
явуулж, хариуцлага тооцохоор ажиллаж байна.
-Үний зөвлөл хэзээ хуралдах юм бол?
-Үнийн зөвлөл хуралдах
эсэхийг УУХҮЯ мэднэ. Ажлын хэсэг нь ажиллаж
байгаа байх.
-Зөрчилтэй нь батлагдсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Хувь хүнийг тавин
нэгжээр, аж ахуйн нэгжийг 500 нэгжээр торгох санал боловсруулаад хүргүүлж
байгаа. Гэхдээ мөн хэд хэдэн зүйл ангиар хариуцлага тооцно.
-Шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа дагаад өсдөг. Эргээд шатахууны үнэ буухад бусад барааны үнэ буцаж буудаггүй гэсэн бичигдээгүй хууль бий. Энэ тал дээр танай байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авах боломж байхгүй юу?
-Ийм асуудал үүсдэг учраас шатахуун, эрчим хүчний үнийг Засгийн газар бодлогоор зохицуулдаг юм. Хамгийн гол нь суурь үнэ, стратегийн бараа бүтээгдэхүүн учраас Засгийн газар үнийн зохицуулалт хийгээд барьж байдаг. Засгийн газартай зөвшилцөж байж, Үнийн зөвлөл дээрээ ярьж байж, ард түмэндээ тайлбарлаж байж үнийн асуудлаа шийддэг учиртай. Бусад бараа бүтээгдэхүүнд нөлөөлдөггүй бол үнийг барих шаардлага байхгүй.
Зарим худалдаачид үнэхээр үнийн өсөлттэй холбоотойгоор зардал нь өсөөд байна уу, үгүй юу гэдгээ ч тооцохгүй, автоматаар компаничлаад бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмдэг. Гол аюул нь энэ. Гэвч манай байгууллага хөндлөнгөөс үнэд нь нөлөөлөх эрх байхгүй.
-Дээр дурдсан торгуулийн хэмжээ болох 500 нэгж гэдэг нь шатахуун импортлогчдын хувьд маш
бага хэмжээ. Торгуулиа төлөөд л үнээ нэмсэн хэвээр байх болов уу?
-Уг нь бол их мөнгө.
Гэхдээ томоохон компаниудад бол бага байх. Хуулийн заалт нь ийм юм л даа. Хуулинд
заасан арга хэмжээг л шат дараатай авч хэрэгжүүлж явж байна.
Я.Хулан