Галзуугийн вирус нь мэргэжлийн хэллэгээр бол Мононегавиралес бүлгийн Рабдовириде язгуурын Лиссавирусын төрөлд хамаарагдана. Энгийн үгээр тайлбарлавал галзуугийн вирус нь мэдрэлийн тогтолцоог гэмтээж тархи, нугас, шүлсний булчирхайд ихээр хуримтлагдана.
Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдэнтэй хавьталд орж хазуулсан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад болдог. Мөн галзуугийн вирус нь Carnivora (зэрлэг болон гэрийн тэжээмэл махчин амьтад) болон Microchiroptera (шавьж идэгч болон цус сорогч нисдэг багваахай) төрөлд хамаарах амьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршдог байна. Хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад тал хээрийн бүсэд галзуугийн байгалийн голомт болдог. Гэрийн тэжээвэр амьтдаас галзуу өвчинд хамгийн их мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад, шувуу нэлээд тэсвэртэй. Галзуугийн гаралт намар, өвөл, хаврын үед тэжээлийн хомсдол бий болох, амьтны ороо нь орж сүрэглэх үед ихэснэ. Харин суурин газрын хувьд золбин нохой, муурны дунд явагддаг аж. Сүүлийн үед Ховд аймгийн Цэцэг, Баянгол, Зэрэг сумын уулын бүсийн багуудаар отроор нутаглаж буй малчдын мал нохой руу өдрийн цагаар ирвэс дайрч, малчдад их хэмжээний хохирол учруулж буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл галзуурсан амьтны хазсан шарх нь толгойноос хэр зэрэг хол байгаа, аль хэр гүнзгий хазсан зэргээс шалтгаалан галзуугийн вирусийн нууц үе нь хэдэн долоо хоногоос жил хүртэлх хугацаанд үргэлжлэх боловч дунджаар 2–8 долоо хоногийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна. Өөрөөр хэлбэл төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байдаг аж.
Өвчний явцыг номойрол, сэрлийн ба саажилтын гэж 3 хуваадаг. Эхний үе шатанд мал амьтан дуу чимээ, гэрлийн нөлөөнд хэт мэдрэмтгий болох, залгиурын саажилтын улмаас тэжээлийн дуршил буурч хүүхэн хараа өргөсөх, зовхинд цус хурах, биеийн халуун нэмэгдэх шинж тэмдэг илэрнэ. Энэ үе 12 цагаас 3 хүртэл хоног үргэлжилнэ.
Тиймээс мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчид:
–Чоно, үнэг мал руу дайрч ноцсон тохиолдол гарсан, галзуу өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн талаар өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
–Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
–Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
–Эрүүл, өвчтэй малыг хооронд нь холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
–Нохой, муурыг тогтмол уяатай байлгах, тогтоосон хугацаанд галзуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах үүрэгтэй.