\”Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Өнгөрсөн жил \”Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил \”Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгджээ. Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна.
Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүд мөн дэлгэгджээ. Уран хатгамалчдын энэ жилийн үзэсгэлэнд алт, мөнгөн утас дарж оёсон бүтээлүүдээ алтан сан хөмрөгөөсөө гарган үзүүлж байгаагаараа онцлог байв. Тухайлбал монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа өөрсдөө шинээр зохион бүтээж, хэрэглэх болсон фүс тэмдэг бүхий Богдын ёст хүрэм тавигдсан байлаа. Богд хааны хувцас хэрэглэлд нийт дөрвөн төрлийн фүс тэмдэг хадахаар хуульчилсан байдаг байжээ. Энгэрт нь найман хэгээст алтан хорол, баруун мөрөнд эв соёмбо үсгээр нар гэж бичсэн фүс , зүүн мөрөнд нь соёмбо үсгээр сар гэсэн бичигтэй фүс, ар нурууны хэсэгт төрийн сүлд хатгажээ. Монгол уран хатгамлын олон төрөл шингэсэн уран нарийн хийцтэй дээлний гадуур өмсдөг уг ёст хүрэм нь үзэсгэлэнгийн яахын аргагүй нэг чимэг болж байсан юм. Мөн Дондогдулам хатны тоорцог, хантааз зэргийн эх загварыг нь дуурайлган бүтээснийг тухайн үзэсгэлэнгээс харах боломжтой юм.