\”Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооны удирдлага, тамга тэмдэг тойрсон маргаан дөрвөн жил үргэлжилсний эцэст нэг тийш шийдэгджээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Улсын дээд шүүхээс Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал тэргүүтэй одоогийн удирдлагыг хэвээр үлдээж, МСБХ-ны Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарлаж байсан Б.Тамир тэргүүтэй холбоог хүчингүй болгох тухай шийдвэр гарсан байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал энэ үеэр \”Бид шүүхийн шийдвэрээр нэгдсэн нэг холбоо боллоо. МСБХ-ны нэр, хүчингүй болсон хуурамч тамгыг ашиглан өөрийгөө холбооны ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн Бэхбатын Тамир гэх хүн хууль буй үйл ажиллагаа явуулсаар дөрвөн жил болсон. Мөн БСШУСЯ-ны харьяа Биеийн тамирын спортын газрын дарга Ц.Шаравжамц нь энэхүү хууль бус, хүчингүй тамгыг үндэслэн үйл ажиллагаа явуулж өндөр зэрэглэлийн бус тамирчдад сагсан бөмбөгийн шигшээ баг нэрийн дор цалинжуулж байна. Мөн бэлтгэл сургуулилт хийх зардал гаргах, гадны хөрөнгө оруулалтыг хууль бус МСБХ-гоор дамжуулан тараах, хууль ёсны МСБХ-д Спортын төв ордонг ашиглуулахгүй байх зэрэг хууль бус үйлдлүүдийг хийж байна. Иймээс МСБХ-ны хууль ёсны удирдлагууд болох Ц.Цэвэрбал, Б.Дамба нар тамирчдын эрх ашгийг хамгаалан Үндэсний дээд лигийн тоглолтыг Спортын төв ордонд тоглуулах, хууль бус этгээдүүдтэй хамтран хийж буй ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ц.Цогзолмаа нараас хүсч байна.\” гэлээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба \”Сагсан бөмбөгийн холбоог тойрсон маргаан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүрч улмаар холбооныхоо асуудлыг шийдвэрлэхгүй бол олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх тухай албан бичиг өнгөрсөн онд ирсэн байдаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж, дээд лигийн тэмцээн ч өөр нэртэйгээр хоёр өөр зааланд зохион байгуулагдаж ирсэн. Тиймээс монгол хүн л бол Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг мөрдөх ёстой. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүс дээд шүүхийн шийдвэрийг авч хэлэлцэхгүй байна.” гэсэн юм.