Торгоны зам дагуух 15 орноор дамжин 12 мянган км замыг гурван жилийн
хугацаанд тэмээгээр туулахаар зорьж буй Н.Байгалмаа аяллаа
арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн билээ. Харин хилийн дээсэнд тулж ирсэн түүнд зарим нэг бэрхшээл тулгарчээ.
Тэрээр олон
дахин хот руу буцаж байгаа нь түүний хувьд багагүй цаг алдсан хэрэг болж байгаа ч шантарсан хамтрагчдаа хотод хүргэж өгөх зэрэг зайлшгүй бэрхшээлүүд тулгарч байв. Хамгийн сүүлд буюу энэ удаад тэмээдийн бичиг баримт бүрдүүлэх
болон тэмээний хэрэгсэл солих асар их ажил ундарч, Н.Байгалмаа бүсгүй энэ баасан гариг хүртэл хотод ажиллахаар ирээд байгаа аж. Энэ үеэр өмнө нь хэлсэнчлэн аялагч Амай аялалд нь цөөхөн хоног хамт аялахаар болсныг мөн дуулгалаа.
Хамгийн гол тулгамдсан асуудал нь бүтэмж муутай байгаа бололтой, төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж тэрээр:
-Өнөөдөр
хийж буй Тэмээн жингийн аялал дан ганц Монгол биш Монгол туургатны аялал, энэ
цагийн шинэ түүх. Гэвч харьяат улсын Аялал жуулчлал, соёл, гадаад
харилцааны яамд таг хэвээр. …Би хэнд ч ямар
нэг юмыг батлах гэсэнгүй… Гэхдээ идэр есийн хүйтнийг ажрахгүй давж, зүтгэсээр хил дөхөөд байна. Би Монгол нэрийг өндөрт өргөөд түүхээ, өв соёлоо тээгээд хувийн амьдралаа дэнчин тавиад
гарсан. Энэ бол дэлхийн аялал болсон. Дэлхийн сонорт аль хэдийнэ хүрсэн.
Яг одоо л энэ улсын, төрийн толгойд суудаг, тамга тэмдэг эзэмшдэг
хүмүүсийн гарын үсэгтэй, тамга
тэмдэгтэй бичиг Хятад улсын хилээр нэвтрэхэд хэрэгтэй байна… Нэг хүн Солонгос гарах
гэж хэчнээн юм болдог билээ. Гэтэл 10 тэмээтэй хил нэвтрэхийн тулд нэлээд хэдэн
байгууллагаас дэм хэрэгтэй байна… Очиж уулзаад хаалга сахин хэдэн цаг суулаа.
Би хэнээс ч мөнгө гуйсангүй, гуйх ч үгүй. Харин энэ цагт Монгол нэрэн доор амьдардаг хүн бүрийн
төлөөлөл болж өвгөдийн замаар урагш тэмүүлж яваа жирийн нэгэн эмэгтэй.
10 тэмээг өдөр бүр хооллож , өглөө бүр эртлэн босож
ажиллаж, тэнгийн
дээс татаж,
хичээн зүтгэсээр хил дөхлөө. Би үргэлж хөдөлмөрлөж зүтгэсээр ирсэн, цаашдаа ч
зүтгэсээр байх болно.
Намайг ирэхэд наадам хийхээр төлөвлөн баярлаж суугаа
Шинжааны Монголчууддаа хэлэхэд би удахгүй очих болно гэв.
Түүний аяллыг анх дэмжсэн хүн бол 18 жилийн турш аялж байгаа Английн иргэн Б.Карл. Н.Байгалмааг дэмжих монголчууд олдоогүй тул нэлээд туршлагатай, алдартай долоон аялагчаар багаа бүрдүүлсэн бөгөөд Б.Карл аялал дуустал, бусад нь БНХАУ-ын хил хүртэл явахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл тэд Монголын өвөлд бууж өгөн, замын дундаас буцсан аж. Тэр ч бүү хэл Б.Карл тэмээ худалдан авахад нэмэрлэсэн 10 сая төгрөгөө буцаан авсан нь Н.Байгалмаад санхүү, сэтгэл зүйн хувьд багагүй цохилт болсон нь мэдээж. Харин энэ удаад н.Мөрөн захирал аяллыг нь тал бүрээр дэмжин ажиллахаа мэдэгдсэн хэмээн дуулгав. Ямартай ч тэмээгээр аялагч бүсгүйг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хүлээн авч уулзаад байгаа юм байна.
Харин дэлхий дахинаа ажиллаж, амьдарч байгаа монголчууд түүнтэй хэдийнэ нэгдэн холбогдож эхэлсэн билээ.
Я.Хулан