\”Гэрт нь очиход орондоо чичирч хэвтэх 3-хан
настай хүү, 1 ангийн охин, 5-р ангийн охин угтав. Ээжийг нь Нарангэрэл гэдэг.
Өрх толгойлсон эмэгтэй… Цонх нь гялгар ууттай шал нь цементээрээ.
Бага хүүгээ 24 цагийн цэцэрлэгт өгчихвөл даарахгүй, өлсөхгүй байх даа гээд
уйлах хөөрхий ээж” гэсэн пост бүхий зураг цахим ертөнцөд тархлаа. Энэ мэдээлэл олны сэтгэлийг
хөдөлгөж, бас нэгэн аяны сэдлийг төрүүлж эхлээд байгаа юм. Зүдрүүхэн амьдралд
нь нэмэр болж тусламжийн гараа сунгах сэтгэлтэй эгэл түмнийг эрж олохоосоо өмнө
энэ эмэгтэйг байдаг эсэхийг, иргэн нь хэрхэн амьдарч байгааг төрийн байгууллага
нь мэддэг үгүйг лавлах мэдээжийн шаардлага гарав. Ийнхүү БЗД-ийн холбогдох
албаны хүнээс зарим нэг зүйлийг тодруулсан юм. Ингэхдээ бид хүний эрхтэй
холбоотой учраас зайлшгүй шаардлагаар зарим зүйлийг нууцаллаа.
-БЗД-ийн …дугаар хороонд оршин суух
өрх толгойлсон эмэгтэй н.Нарангэрэлийн талаар тодруулах гэсэн юм. Тус хороонд
энэ эмэгтэй амьдардаг уу. Амьдралыг нь очиж судалж үзэж байв уу?
-Тус хороонд амьдардаг нь үнэн. Зорилтот бүлэгт багтдаг. Нарангэрэл нь
төрөөс шаардлагатай халамж, үйлчилгээг хангалттай авдаг. Хүүхдийн мөнгө,
тэжээгчээ алдсаны тэтгэмж, Цалинтай ээж хөтөлбөр, өрх толгойлсон эх зэрэг
халамжийн үйлчилгээнд багтаад явдаг. Хамтарсан баг болон
амьжиргааг дэмжих бүлэгт хамрагдаж
байгаа. Бид төрийн бүхий л тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна ТББ-ууд ч хааяа
тусламж үзүүлдэг.
-Гэтэл түүний амьдрал яагаад өдий болтол өөдлөхгүй, ийм дорой байдалтай
байна вэ? Халамжаас өөр орлого бий юу?
-Уг нь бүхий л төрлөөр туслаад, аль болох амьжиргааг нь
дэмжихийг хичээж ажиллаж байна. 2015 онд гэр хүртэл өгч байсан. Гэвч өнөөдөр
огт өсч дэвжсэнгүй. Ер нь бол халамжийн мөнгөөр л амьдардаг айл.
-Хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгчихвөл ажил хиймээр байна гэсэн байх юм.
Ядаж хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгч болохгүй юм уу?
-Өөрөө 24-ийн цэцэрлэгт оруулмаар байна гэдэг юм. Гэтэл
ийм цэцэрлэг хороо, дүүрэг, бүү хэл хотын хэмжээнд хэд байдаг билээ. Гэхдээ энэ
асуудлыг шийдвэрлэхээр ярьж байгаа. н.Нарангэрэл \”Би дандаа хүнээс авч,
туслуулж байхаар санаа зовох юм. Өөрөө ажил хийх юм сан.” гэж хэлж байсан.
Дүүргийн гэр бүлийн хөгжлийн газартай ч энэ талаар ярилсан. Тэгээд тус газрын
хамтран ажилладаг Төрийн бус байгууллага хүүхдийн цэцэрлэгтээ гурван настай
хүүхдийг нь авч, ээжийг нь ажлаар хангах талаар санал болгосон байгаа. Бид Нарангэрэлтэй
хараахан уулзаж амжаагүй, хэлээгүй байна.
-Нарангэрэл гурван хүүхдээсээ гадна ахтайгаа амьдардаг гэсэн. Гэр
бүлийн байдлын талаар мэдээлэл өгөөч.
-Гэртээ гурван хүүхэд, ахын хамт амьдардаг. Нөхөр нь нас бараад хоёр жил
болж байна. Хадам ээж, хамаатан садан нь бүгд байдаг. Цахим орчинд гарсан
зураг, мэдээлэлтэй холбоотойгоор гэр бүлийнх нь хүмүүс бас ирж уулзсан. Хүний зургийг
зөвшөөрөлгүй тавьж болохгүй гэдэг асуудал ярьж байгаа.
-Хүүхдүүд нь сургуульдаа явж байгаа
юу?
-Хүүхдүүд нь хичээлдээ явдаг. Харин өнөөдөр сургуулийнх нь Нийгмийн ажилтан
бас бидэнтэй уулзаж, хүүхдийн зургийг олон нийтэд зөвшөөрөлгүй түгээсэн нь
хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ зургийг
анх сүлжээнд тавьсан хүнд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг
саналыг хэлсэн. Үнэхээр сургуулийнх нь хүүхдүүд тэдэнд ямар ч хандлага гаргаж
мэдэх шүү дээ. Энэ бол хүүхдийн эрхийг хөндсөн асуудал болсон.
–Ах нь юу хийдэг хүн бэ. Архи уудаг
гэж сонссон. Ер нь Нарангэрэл хөдөлмөрийн чадвартай хүн биз дээ?
-Би нарийн юм яримааргүй байна. Энэ одоо их эмзэг сэдэв болоод байгаа. Учир
нь хандив, тусламж өгөх гэсэн хүмүүсийн хажуугаар ямар ч хүн гэрийг нь мэдээд
оччих юм билээ гэдэг үүднээс сэргийлж байгаа хэрэг. Ямар ч эрсдэлд орж мэднэ шүү дээ.
-Эцэст нь лавлахад Нарангэрэл гэх энэ
эмэгтэй хэд орчим насны хүн бэ. Ямар боловсролтой юм бол? Магадгүй дэмжиж туслая
гээд ажлын байр санал болгох хүн байвал сонирхож мэдэх юм.
–Нарангэрэл бол 40 орчим настай. Бүрэн
бус дунд боловсролтой эмэгтэй байгаа. Урьд нь үйлчлэгч хийж байсан. Бид ч мөн
тохирох ажлын байрыг судалж байгаа.
Энд нэгэн асуудал урган гарч ирж байгааг уншигч Та бээр анзаарсан буй за. Учир юу гэвээс, өрх толгойлсон эмзэг бүлгийн айлд хүний сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгаж, түүнчлэн энэ айлд туслах сайн үйлстнүүдийг уриалж бодит дүр зургийг анх олон нийтэд хүргэсэн тэр нэгэн хүнийг буруутгах учиргүй. Нөгөө талаар тухайн хүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд зургийг нь түгээсэн тэр нэгэн хүн хүүхдийн эрхийг хөндсөн асуудал үүсгэж байгааг ч үгүйсгэх аргагүй боллоо.
Я.Хулан