Хэд хэдэн
удаагийн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Тайваньд зургаан хүн амиа алдаж,
200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Орон нутгийн цагаар 23 цаг 50 минутын орчимд
арлын зүүн эргээс 20 км-ийн зайд орчимд 6.4 баллын хүчтэй газар хөдөлсөн байна.
Хуален хотод олон тооны барилга байшин нурж сүйдсэнээс ихээхэн хохирол амсчээ.
Нэг
барилгад л гэхэд 140 гаруй оршин суугч нь сураггүй байсан аж. Тус хот нь 100
мянган хүн амтай, жуулчид олноор ирдэг бүс ажээ. Нурж сүйдсэн орон сууц,
барилгуудаас хол байхыг нийт оршин суугчдад анхааруулсан байна. Газар
хөдлөлтийн дараах аюулгүй байдлыг хангахын тулд 800 орчим иргэнийг олон нийтийн
барилгуудад майханд байрлуулжээ. Гамшгийн
дараах зургуудаас харахад барилга байгууламжууд хазайж, энд тэнд хог хаягдал
хөглөрч, авто замууд эвдэрч сүйдсэн байна. Тухайлбал, орон сууц, үйлчилгээний
давхруудтай Yunmen Cuidi барилга
нэг талаараа хазайж, их хэмжээний хохирол учирчээ. Оршин суугчдынх нь 143 нь байсан
гэнэ. Лхагва гаригийн өглөө аврагчид барилгын нурангид дарагдсан таван хүнийг
гаргахаар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд тэдний хоёр нь Маршалл зочид
буудлын дотор талд дарагдсан аж.
Нэлээд
ноцтой сүйдсэн барилгуудын дотор эмнэлгийн барилга ч байгаа юм. Түргэн
тусламжийн ажилтнууд цэргүүдийг дайчлан нурсан барилгаас 150 гаруй хүнийг
аврахаар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн дараах
чичиргээнээс болж иргэдийг аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учир байгаа аж.
Хуален
хотын хувьд газар хөдлөлт болох нь энгийн үзэгдэл мэт боловч 6.4 баллын газар
хөдлөлт нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож
байгаа юм. Үүнээс болоод 40 мянган айл өрх усгүй болж, гүүр болон хурдны замуудыг
хааж, албан газрууд, сургууль, цэцэрлэгүүд хаалгаа барьжээ.
Б.Болормаа