УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний нийт яам, газруудын үйл ажиллагааны явц байдал, тулгамдсан асуудлаарх мэдээлэл, ярилцлагыг 6 удаа зохион байгуулсны зэрэгцээ тэдгээр яам, газруудаас яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлаар санал авч, холбогдох арга хэмжээг төлөвлөн зарим асуудлаар шийдвэрийн төслүүд боловсруулж байгаа аж. Тухайлбал, \”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны талаар болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулаад байгаа талаар Д.Дамба-Очир дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр тогтоолын төслийн талаар санал авах ярилцлагыг арилжааны томоохон 6 банкны захирлууд, Монголын банкны холбооны удирдлага, \”Эрдэнэс Монгол” ХХК, \”Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, \”Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Мэдээлллийн үеэр тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир \”Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажил дууслаа. 1072 хувьцааг хавар арилжаалж эхэлнэ. \”Эрдэнэс Тавантолгой” компани \”Чалко”-гийн өрөө төлөөд дууссан. 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс хувьцаандаа ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. 1072 хувьцаанаас 108-ыг нь эхэлж хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлнэ” гэлээ.