\”Эрдэнэс Тавантолгой\” ХК-ийн \”ТТGVCO\” ХХК-тай байгуулсан тэгш бус гэрээний алдагдлын талаар \”Эрдэнэс таван толгой\” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд \”Бодит байдал дээр
уурхайд ажилдаг ихэнх ажилчдын цалин 1 сая төгрөг, зарим газраа 1 сая
хүрдэггүй. 1 сая 500 мянган төгрөгийг нэлээн зовж байж авдаг.\” хэмээн цалин, хангамжийн асуудлыг хөндсөн юм. Мөн \”Эрдэнэс Тавантолгой\” ХК-ийн \”ТТGVCO\” ХХК-тай байгуулсан гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүслээ.
Ингээд цааш хэлсэн үгэндээ \”\”Эрдэнэс Тавантолгой” ХК \”Зүүн Цанхи\” дахь тэгш бус гэрээний алдагдлыг зассан хэрнээ \”Баруун Цанхи\”-ийн уурхайд яг адилхан ажил үйлчилгээ үзүүлж байгаа Монголын туслан гүйцэтгэх компаниудын ашгийг нэмэгдүүлэхгүй байгааг тэгш бус гэрээний алдагдал гээд байгаа юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, олборлолтын ашгийг адилхан төвшинд байлгах талаар манай компанийн удирдлагууд үр дүнтэй үйл ажиллагаа явуулахгүй байна. \”Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ өмнөөс төлөөлөн ажилчдадаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм. \”Эрдэнэс Тавантолгой” компанийн \”ТТGVCO\” ХХК-тай байгуулсан гэрээний хүлээсэн үүрэгт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар хангасан орчин нөхцөлд гүйцэтгэн явуулах хамаарал бүхий заалт байгаа. Уг үүргийг эс биелүүлсэн, аюулыг арилгаагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах хүртэл арга хэмжээ авах заалтыг компанийн удирдлагууд ашиглахыг шаардаж шаардлага хүргүүлж байгаа юм.
Хоёр
компанийн үйл ажиллагааны бодлогын зөрчил нь дээрх байдлыг үүсгэж байгаа ба үүнд
хортой нөхцөл нөлөөлж, төлөөсөнд нь ажилчид эрүүл мэнд, амь насаа золиослох
байдалд хүртэл хүндэрч хохирол үүсч байна. \”Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрлэлийн талбайд гарсан ослын тохиолдол 2016 онд 68 удаа, 2017 онд 34 удаа бүртгэгдсэн байгаа юм. Үүнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа \”ТТGVCO\” ХХК-д гэрээний үүргийн хэмжээнд дүгнэлт хийж хангалттай хариуцлага тооцоогүй юм. Тэгш бус гэрээний нөхцлөөс болж \”Эрдэнэс Тавантолгой” компани болон нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна гэж үзэж байна. Хэрэв \”Зүүн Цанхи\”-д ажиллаж буй Хятад даргатай, Сингапур улсын иргэний хөрөнгө оруулалттай \”ТТGVCO\” ХХК-ийн 1мЗ уулын ажил хөдөлгөх үнийг 4.8-3 доллар буюу 11750-7350 төгрөг болгон бууруулаад, \”Баруун Цанхи\”-ийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6450-7350 төгрөг болгон нэмэгдүүлж уурхайн үнэлгээг тэгш болгосноор жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой бөгөөд энэ нь монголын гурван сая иргэний нэг иргэнд жилд 38000 мянган төгрөг оногдох бодит тооцоо гарч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2019 онд манай компани энэ алдагдлуудыг багасгаснаараа Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, зохих ёсоороо хувьцаагаа эзэмших боломжтой болж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, \”ТТGVCO\” ХХК-тай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь \”Эрдэнэс Тавантолгой” компанийг эдийн засгийн алдагдалд оруулах санааг агуулж байна. Энэ нь зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл шинж байгаад мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж анхаарлаа хандуулна гэж итгэж байна\” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.