\”Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл\”-ийн 17 дугаар Их хурал өчигдөр 22:00 цаг хүртэл болж өндөрлөсөн. Уг хурлаар салбарынхаа дотоод асуудал болоод цаашид авч хэрэгжүүлэх, бодлого, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байсан. Гэсэн ч өчигдөр 22:00 цаг хүртэл үргэлжилсэн их хурал халуухан нөхцөл байдалд болж өндөрлөлөө. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч гурав нь хурлын явцын дунд \”Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна\” хэмээн эсэргүүцэж хурлыг орхин гарсан юм. Тухайлбал, МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, \”Эрхэт Монгол\” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нар тус тус нэрээ дэвшүүлээд байсан ч М.Наранбаатар, Э.Долгион, Б.Түвшинтөгс нар тус хурлыг орхин гарснаар Х.Мандахбаяр өрсөлдөгчгүй үлдсэн юм. Харин заалнаас ТВ-2 сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд үүний дараа сэтгүүлчдийн тал нь хурлыг орхин гарсны дараа \”Зиндаа\” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар сонгогдсон юм.
Өнөөдрийн байдлаар \”Өдрийн сонин”, \”Өнөөдөр” сонин, \”Засгийн газрын мэдээ” сонин, \”Зууны мэдээ” сонин, \”Үндэсний шуудан” сонин, \”Өглөөний сонин”, \”Монголын үнэн” сонин, \”Монголын мэдээ” сонин, \”Улс төрийн тойм” сонин” \”Нийгмийн шуудан” сонин, \”Залуу сэтгүүлчдийн холбоо”, \”Тэргүүлэгч” сайтуудын холбоо, \”Гэрэл зурагчдын холбоо”, \”Үндэсний сайтын хөгжлийн холбоо”, \”Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” ахмад сэтгүүлчид, ТВ-9, NTV телевиз, C1 тв зэрэг хэвлэл мэдээллийн 20 байгууллага улс төрийн хяналт тогтоосон дүрэм батлахыг эсэргүүцээд байна.
Хурлыг орхин гарсан сэтгүүлчидийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион \”Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан. Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд 5 хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн. МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан. Өдөр тутмын сонины холбоо бие даан үйл ажиллагаагаа явуулах болно\” гэв.
Харин\”Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн нарийн бичгийн дарга Д.Заяабат эн талаар хэлэхдээ \”Хэн дарга цэрэг болох нь бидэнд огт хамаагүй. Гагцхүү сэтгүүлчдийн эрх ашгийг зөрчсөн дүрмийн бус хурал болсон учраас хаяж гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт удирдах зөвлөл дээр ярилцаад төлөөлөгч сонгох журмаа эцэслэн шийдээгүй орхисон. Нэг төлөөлөгч хэчнээн сэтгүүлчийг төлөөлөх ёстой вэ, тэр төлөөлөгчийг ямар журмаараа сонгох ёстойгоо тодорхой зааж өгөөгүй гэж үзсэн. Тиймээс цаанаас зориулаад бэлтгэгдсэн ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс их хуралд орж ирэх зам нь нээгдсэнийг зүй бус гэж үзсэн. Тухайн нэг төлөөлөгчийг заавал аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгж байж л хуралд орж ирнэ гэж заачихсан. Тэгэхээр татвараа төлөөд, МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, сайн дурын сэтгүүлчид хурлын гадуур орхигдож байгаа юм” гэлээ.
Ж.Бат