МАХН үндсэндээ хоёр хуваагдаад байгаа билээ. Өмнө нь О.Баасанхүү тэргүүтэй гишүүд, дэмжигчид мөн их чуулганыг зохион байгуулж байсан бол энэ удаад Н.Энхбаяр тэргүүтэй намын төлөөлөгч, гишүүд МАХН-ын II их чуулганыг эхлүүллээ.
Чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байна.
Энэ удаад:
Чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм байна. Эхний өдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулна. Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлах ажээ.
МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм байна. Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгохоор төлөвлөсөн байна.