Тайванийн газар хөдлөлтийн
голомтын бүс болох Хуалиан хотод суралцаж байгаа монгол оюутнуудын нөхцөл
байдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус бүсэд нийт 13 монгол оюутан байснаас төрийн болон ТББ-ын
тусламж, дэмжлэгтэйгээр эхний дөрвөн оюутнуудыг хоёрдугаар сарын 8-ны өглөө
Тайпей хот руу нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажилласан гэв.
Үлдсэн оюутнуудыг өнөөдөр өглөө Тайпей рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн
гурван оюутан Хуалиан хотод аюулгүй газар байгаа тул сайн дураараа Тайпей
рүү явахаас татгалзсан аж. Гэхдээ Гадаад харилцааны яамнаас дээрх гурван
оюутантай холбоотой ажиллаж, бэлэн байдлыг хангаж байгаа гэдгийг тэрээр мэдээлэв. Мөн үүнээс гадна, Гадаад харилцааны яамнаас өнөөдөр 14 цагт Тайпей хотод байгаа оюутнуудтай видео конференци хийжээ. Оюутнууд одоо эсэн мэнд, аюулгүй байдалд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой гарч байгаа бүх зардлыг Гадаад харилцааны яамны Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас хөрөнгө мөнгийг нь гаргаж тусламж үзүүлж байгаа,Тайваньд үүсээд буй нөхцөл байдал намжихаар Хуалиан хот руу нь буцаана гэлээ.