ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка энэ өдрүүдэд Дагестаны автономит улсын Махачкала хотод томилолтоор ажиллаж байгаа бөгөөд томилолтынхоо үеэр тус улсын прокурорын байгууллагын албан хаагчидтай уулзаж, авлигатай тэмцэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг сануулсан байна.
Тухайлбал, тэрээр улс төрчдийн бариулсан том, тансаг зэрэглэлийн, үнэ өртөг өндөртэй барилга байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж ажиллахыг зааварчилжээ.
Түүнчлэн, газар олголттой холбоотой авлигын асуудал түгээмэл байгааг дурдаад авлигын эрсдэл өндөр байгаа газруудад анхаарч ажиллах, газар олгодог байгууллага дээр үе үе шалгалт хийж байхыг тушаажээ.
Түүнээс гадна, аж ахуй, дунд түвшний бизнесийг хөгжүүлэх зээл, ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой хөрөнгийг завших явдалтай тэмцэхийг анхааруулж, ийм төрлийн үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй, иргэд, байгууллагуудын хамтын оролцоотойгоор явуулж байх шаардлагатайг онцолсон байна.
Эцэст нь, тэр авлигатай тэмцэх чиглэлээр аливаа ажлыг эхлүүлэхдээ эрх зүйн баримт бичгүүдийг үндэс болгохын зэрэгцээ, тэдгээр баримт бичгийн заалтуудыг амьдралд нийцтэй, боловсронгуй болгон ажиллахад анхаарах хэрэгтэй гэв.