Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах горим зэргийг сайтар шалгахын зэрэгцээ эрүүл ахуйн талаас нь анхаарах хэрэгтэй.Хугацаа хэтэрсэн болон буруу хадгалсан хүнсний бүтээгдэхүүн амархан муудаж нян өсөж үржих таатай орчин болдог тул таны эрүүл мэндэд аюултай. Хоолны хордлого таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна өсөж хөгжиж буй бяцхан үрд чинь аюул учруулах болно. Хүнд хэлбэрийн хоолны хордлого жирэмсний эхний гурван сард зулбалт үүсгэж болдог тул энэ хугацаандонцгой анхааралтай байх хэрэгтэй.
Салмонеллийн нян
Энэ төрлийн нян тахианы өндөг болон маханд анхдагчаар байдаг. Салмонеллийн халдвар авсан тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, халуурах, суулгах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд эдгээр шинжүүд нянгаар бохирлогдсон хоол идснээс хойш 12-48 цагийн дотор илэрдэг. Халдвар ихэсийг нэвтэрдэггүй тул таны хүүхдийг өвчлүүлэхгүй боловч халдварын сэжиг илэрсэн даруйд эмчид хандах хэрэгтэй.
Салмонеллийн нян халуунд устдаг учир тахианы мах болон өндөгийг сайтар болгож хэрэглэхээс гадна шүүрхий болон түүхий өндөг агуулсан майноз, бифштекс, бяслагтай бялуу, шоколадтай моусс зэргийг хэрэглэхээс татгалзаарай. Өндөг шарах үедээ өндөгний шар болон цагааныг бэхжтэл нь болгох хэрэгтэй. Хэдийгээр салмонеллийн халварын голомтгүй аж ахуйн эрүүл тахиа, өндөг байсан ч нян бага хэмжээтэй байж болохыг мартаж болохгүй.
Листерийн халдвар
Хэдийгээр листерийн халдвар ховор тохиолддог боловч таны урагт ноцтой хэлбэрийн хорт нөлөө үзүүлж болно. Энэ төрлийн нян зарим үед хөөрүүлээгүй сүүний зөөлөн бяслаг, махны нухаш, зэрэгт агуулагдаж байхаас гадна зарим төрлийн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд байж болно. Иймд жирэмсэн үед дээрх төрлийн хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Зөвхөн хөөрүүлсэн эсвэл ариутгасан сүү ууж байгаарай. Хэрэв танд эргэлзээтэй санагдвал хүнсээ заавал гүйцэт болгож хэрэглэж сураарай.
Эшерихи коли (E- coli )
Энэ бол харьцангуй ховор тохиолддог нян бөгөөд хэрэв халварлавал бөөрний дутагдал болон үхэлд хүргэж болох туйлын аюултай хөнөөл үзүүлж чаддаг. Эшерихи коли ( E- coli ) нь ихэвлэн буруу хадгалсан мах, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн хоол, нухаш зэрэгт агуулагдаж байдаг. Иймд эдгээр төрлийн хүнсний бүтгээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан найдвартай газраас худалдан авч байх хэрэгтэй. Мөн жирэмсэн үедээ хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Удаан хадгалсан, хоносон , амт үнэр нь өөрлөгдсөн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж огт болохгүй.
Токсоплазмоз
Энэ төрлийн халдвар нь харьцангуй элбэг тохиолддог бөгөөд хөнгөн хэлбэрийн ханиад хэлбэрийн шинж тэмдэгээр илэрдэг. Хамгийн гол нь таны урагт хортой нөлөө үзүүлж болох аюултай. Токсоплазмоз бол гэрийн тэжээмэл амьтан ялангуяа муурны ялгадсанд байдаг шимэгчээс гаралтай бөгөөд шүүрхий болон түүхий маханд агуулагдаж байдаг. Иймд та жирэмсэн байх хугацаандаа гэрийн тэжээмэл амьтан, түүхий махтай хүрэлцсэн бол гараа сайтар угааж байгаарай.
Хүнсний эрүүл ахуйн үндсэн зарчмууд
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхээсээ өмнө болон дараа нь гараа угааж хэвших. Ялангуяа түүхий болон шүүрхий махтай харьцахад энэ нь онцгой ач холбогдолтой.
• Түүхий хүнс болон махыг бусад боловсоруулсан хүнсийг бохирдуулахаас сэргийлж тусд нь хадгалж байх.
• Түүхий мах хэрчдэг хутга, гампанз модыг бусад хүнс бэлдэхэд хэрэглэдэг хутга, модноос тусд нь байлгах хэрэгтэй. Мөн хэрэглэсний дараа буцламтгай халуун ус болон ариутгагч бодисоор угааж цэвэрлэж байгаарай.
• Жимс жимсгэнийг идэхийн өмнө сайтар угааж байх. Ихэнх жимснүүд пестицид (ургамалын хортон шавьж устгагч бодис) болон этилений исэл (жимсний болцыг хурдасгахад хэрэглэдэг химийн бодис) зэрэг бодис агуулж байдаг бөгөөд эдгээр нь зулбалтын шалгаан болдог.
• Хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх. Лууван, төмс зэрэг хүнсийн ногоог хөрсний ул мөргүй болтол нь хальслаж хэрэглээрэй. Жимс хүнсний ногоонд хүрсний дараагаар гараа угааж занших.
• Хөлдүү хүнсий зүйлсийг зөв гэсгээх. Богино долгионы зуух ашиглаж хүнсий зүйлийг эргүүлж тойруулан хэд хэдэн удаа ажиллуулж зөв гэсгээх хэрэгтэй.
• Болсон хоолыг богино долгионы зууханд халаахдаа бүх хэсэгтээ жигд сайн халтал нь байлгаж хэрэглэх. Хөлдөөсөн хоол хүнсийг хоёр дах удаагаа дахин халааж болохгүй.
• Хоносон, удаан хадгалсан хоол хэрэглэхгүй байх. Ялангуяа салат зууш зэрэг хүйтнээр нь хэрэглэдэг хүнснүүд нянгаар амархан бохирлогддогоос гадна темпратураар ариутгагддаггүй тул хоолны хордлого үүсгэх эрсдэл өндөр байдгийг мартаж болохгүй.