АНУ-ын Флорида мужийн Паркленд хотын дунд сургуулийн сурагч 17 хүүхдийг хөнөөсөн
галт зэвсгийг буу зэвсгийн худалдаа хийдэг яармаг худалдаан дээр худалдан
борлуулжээ. Энэ талаар өнөөдөр New York Post сонинд мэдээлсэн байна. Тус сонины
мэдээлснээр уг зэвсгийг аллага гарсан Паркленд хотоос нэг цагийн зайтай орших Холливуд
хотын зэвсгийн зах дээр худалдсан бөгөөд АR-15 хэмээх уг
автомат буу тус захын хамгийн нэр хүндтэй галт зэвсэг байсан ажээ. Түүнийг худалдан борлуулж байсан нэгэн
худалдагч энэ талаар хэлэхдээ \”Бид галт зэвсэг худалдахгүй гээд юу өөрчлөгдөх
юм, хэрвээ тэр этгээд хүүхдүүд рүү хутга барин дайрсан бол та нар түүнийг хянах
байсан уу, аль эсвэл тэр этгээдийг хянах байсан уу” хэмээн тэнд байсан
хүмүүсээс асуужээ. Мөн энэ үеэр нэгэн худалдан авагч \”галт зэвсэг худалдан
борлуулхыг ямар нэгэн хууль журам таслан
зогсооно гэдэгт ихээхэн эргэлзэж байна, харин хууль хүчний байгууллагынхан л ажлаа
сайн хийхгүй байх шиг ” хэмээн хэлжээ.
Флорида
мужийн дунд сургуульд 17 хүүхдийг галт зэвсгээр хөнөөсний дараа тус сургуулийн
олон мянган сурагчид галт зэвсгийн худалдан борлуулалтад хатуу хяналт тавихыг эрх баригчдаас шаардан
жагссан бөгөөд харамсалтай нь одоогоор энэ талаар ямар нэгэн хориг арга хэмжээ
аваагүй байгаа юм. Уг хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп галт зэвсгэнд тавих хяналтыг чангатгах болно хэмээн
амалсан боловч тэрээр \”Манай тусгай албаныхан өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн
сонгуульд ОХУ нөлөөлсөн гэх хэргийг хэтэрхий удаа мөрдөж байснаас үүдэн энэ тал
дээр анхаарлаа сулруулсан байна \”гэж хэлжээ. Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Холбооны
мөрдөх товчоо тусгай мэдэгдэл гаргасан бөгөөд тэд өмнө нь хоёр ч удаа энэхүү аллагыг
үйлдсэн Николас Крузын талаар орон нутгийн хууль хүчний байгууллагынханд анхааруулга
өгч байсан юм байна.
Ж.Батдорж