“Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлж, манай олон иргэдийг хохироосон Казахстаны иргэн М.Марат нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт саяхан л дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэх бэлтгэлээ мөрдөгчид базааж байна. Өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийн тоо 10 000 орчимд хүрсэн, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Жи-Тайм” гэх залилангийн сүлжээг Монголд нэвтрүүлж, иргэдийг хууран мэхэлсэн Марат Маженов, түүний хамсаатан Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүст залилуулсан 12 000 хохирогч мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээ эцсийн байдлаар 22 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг эх сурвалжууд хэллээ.
“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Казахстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр гарах гэж байхад нь цагдаагийнхан баривчилснаас хойш өнөөг хүртэл хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа. Уг сүлжээний толгойлогчдыг саатуулсны дараа цагдаагийнхан орон нутгаас мөрдөгчид татан шалгаж эхэлсэн бөгөөд энэ үед “Жи-Тайм”-ын эхэнд элссэн хэсэг хүн дээрх хоёр яллагдагчийг хаацайлж, хохирсон иргэдэд худал мэдээлэл тарааж байсан. Тэдгээр хүмүүст мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Эрүүгийн шинэ хуулиар хариуцлагаас чөлөөлсөн билээ.