Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ-өөс “Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” гэсэн сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2008 оны 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 онд 180 орноос 103-т орж нэг байраар ухарсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж ОНЗ-өөс үзэж байгаа гэж ОНЗ-ын дарга Г.Баасан мэдэгдлээ.
Тус зөвлөл “Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт УБҮ-г барьцаалсан хэрэг, уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтны гэмт хэрэг сураг тасрах шинжтэй цаг алдсаар байна. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна” гэв.
Мөн тус зөвлөлийнхөн “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаас тус тус эгүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв.