Хэрвээ Иран улс цөмийн зэвсэгтэй болвол Саудын Араб ч бас цөмийн зэвсэг бүтээхээс өөр аргагүй болно гэж тус улсын ханхүү Мохаммед Бин Салман мэдэгджээ. Тэрээр CBS телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар мэдэгдсэн байна. Мохаммед Бин Салман CBS сувагт ярихдаа “Саудын Араб цөмийн зэвсэгтэй болох ямар ч зорилго тавиагүй, гэхдээ Иран улс цөмийн зэвсэг бүтээхээр хөөцөлдөж эхэлбэл бид ч бас тэдэнтэй адил цөмийн зэвсэг бүтээхээс өөр аргагүй болно “ хэмээн ярьжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг олон улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн буруутгаж, тус улсын эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлэх болно гэж мэдэгдэж байсан юм. Дональд Трамп Ирантай байгуулсан уг гэрээг хамгийн аймшигтай гэрээ хэмээн нэрлэж байсан бөгөөд тэрээр тус улсын эсрэг авах хориг арга хэмжээг өргөтгөж, Иранд цөмийн зэвсэгтэй болох боломж хэзээ ч олгохгүй гэж амалсан байна.