Сайн явах санааных
Монголчуудын уламжлалт гар урлал сийлбэр нь олон зууны түүхтэй. Сийлбэрийг бага наснаасаа сурч, өнөөдрийг хүртэл сийлбэрээр амьдралаа авч яваа уран гартан Алтангэрэлийн Шижирбаатарыг танилцуулъя. Тэрээр сийлбэр хийхийн хажуугаар барилгын коллежид Нарийн мужааны чиглэлээр багшилдаг юм байна. Түүнтэй сийлбэрийн талаар яриа өрнүүллээ.
-Таныг хувиараа сийлбэр болон мужааны ажил хийдэг гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?
-Би мужаанаас илүүтэй сийлбэрийг түлхүү хийдэг. 1986 онд аав маань намайг сийлбэр хийдэг н.Баасансүрэн гэдэг хүн дээр дагуулж очиж байсан. Тэгээд сийлбэрийг заалгаж эхэлсэн. Би өөрөө ч гэсэн сийлбэр хийх их сонирхолтой байсан. Сийлбэр заалгаж эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, н.Батсуурь докторын сургуульд сийлбэрчний ангид орж мэргэжил эзэмшсэн. Намайг сургуулиа төгссөн тэр үед зах зээлийн үе эхэлсэн. Нэг хэсэг ажилгүй байж байгаад хувиараа сийлбэрээ хийх болсон. Одоо ч гэсэн хийж л байна.
-Танд сийлбэрээ хийхгүй завсардаж байсан үе байсан уу?
-Бараг байхгүй гэж хэлж болно. Цэрэгт байхдаа ч гэсэн сийлбэрээ хийж байлаа. Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хаасан. 1993 онд интервалын цагдаа нар Манай улсад ирж, олон улсын хурал болж байв. Тухайн үед н.Пүрэв генерал Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан юм. Тэгээд гарын уртай хэдэн цэргүүдийг Цагдаагийн ерөнхий газарт байрлуулж бэлэг дурсгалын зүйлийг хийж байсан. Би түүнийг хийлцэж байсан. Мөн цэргээс халагдаад хувиараа сийлбэрээ хийж, хувийн компани байгууллаа. Гэвч зах зээл дээр дан сийлбэр гээд байх нь ашиг муутай байсан юм. Тэгэхээр нь урд хөршөөс тавилгын тоног төхөөрөмж оруулж ирээд Зуун айл дээр тавилга хийж, хавтан зүсээд, ирмэг наах болсон. Хавтан зүсч тавилга хийдэг анхдагч хүмүүсийн нэг нь байлаа. Нэг хэсэг тавилга хийж бужигнуулсан. /Инээв/ Мөн сийлбэрээ хийхийн хажуугаар урчуудын салбарын “Зураг урлал” компанид сийлбэрчнээр ажилласан. Энэ компани нийслэл хотын хэмжээнд болох баяр ёслолын туг, далбаа, лоозон, тоглолтын реклам зэргийг хийдэг байлаа. Мөн төв талбайн рекламны самбар, наадмын бүх рекламыг гар аргаар хийдэг байсан. Энэ компанид 10-аад жил ажилласан. Энд ажиллаж байх хугацаанд том том сийлбэр хийсэн.
Үе үеийн ерөнхий сайд нарын дамжуулдаг Тамганы хайрцгийг бас сийлж байсан
-Ямар сийлбэрүүд хийж байв?
-Төрийн ордны сийлбэр дээр оролцож байлаа. Одоо байгаагаас дурдахын бол Ерөнхий сайдын өрөөний ард байдаг Төрийн сүлдийг би сийлж байсан. Мөн үе үеийн ерөнхий сайд нарын дамжуулдаг Тамганы хайрцгийг бас сийлж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед ээжид нь гүнгэрваа хийж өгч байсан. Энэ мэт олон бүтээлүүд бий.
-Та чинь их мундаг сийлбэрчин байна шүү дээ. Эдгээр хийж байсан сийлбэрээ эргээд харахад танд их дурсгалтай байдаг байх. Гэхдээ одоо сийлбэрийн загвар орчин үе гээд өөрчлөгдөж байгаа байх?
-Орчин үе рүү орж байгаа. Би ч гэсэн орчин үетэй хөл нийлж явахыг боддог. Өнгөрсөн 2016 онд ШУТИС-ын интерьер дизайнерын ангид мастер хамгаалсан. Дизайнер дотроо олон төрөл байдаг. Миний хувьд үйлдвэрийн дизайнаар мастер хамгаалсан. Ингэж орчин үетэйгээ хөл нийлэхгүй бол болохгүй байна. Залуу хүүхдүүдтэйгээ хамт мастер хамгааллаа. /Инээв/ Одоо сийлбэрийг компьютер болон лазерын машинаар хийж байна. Тоног төхөөрөмж гараад ирэхээр бид нарын гараар хийдэг зүйл хасагдах гээд байдаг. Гэхдээ гар хийцээр хийсэн эд зүйл үнэ цэнээ алддаггүй. Дэлхийд бол гар хийцийн бүтээлүүд үнэтэй, харин тоног төхөөрөмжөөр хийсэн юм чинь арай үнэ цэнэ багатай. Нөгөөтэйгүүр гар хийцийн бүтээл дахин давтагддаггүй. Хэчнээн дурайлгасан ч гэсэн яг адилхан болдоггүй.
-Та гараар хийсэн сийлбэр дахин давтагддаггүй гэж байна. Тэгэхээр сийлбэр монгол уламжлалыг хадгалсан байдгаараа бусдаас өөр гэсэн үг үү?
-Тийм ээ. Сийлбэр үндэсний уламжлал дээр тулгуурлаж гарч ирсэн бэлгэдлийн шинжтэй зүйл. Бид чинь дөрвөн хүчин, эвтэй дөрвөн амьтан, хийморийн морь гэх зүйлийг шүтдэг. Эдгээр нь монгол уламжлалд байдаг. Иймээс сийлбэр бэлгэдлээс зохиомжилж гардаг. Шинэ хийц, загвар гарч байгаа ч гэсэн бид монгол уламжлалаа барьж хийдэг. Монгол сийлбэр, Европ сийлбэр хоёр маш өөр. Европ сийлбэр цэцэг навч хийдэг. Харин бид үндэсний соёл уламжлал, бэлгэдлээ бодож сийлбэрээ хийдгээр давуу талтай.
-Сийлбэр монгол уламжлалыг хадгалж байдаг гэлээ. Гэхдээ нэг үе сийлбэртэй зүйлийг хийдэггүй байсан. Харин одоо хүмүүс сийлбэрийг ихээр сонирхож, гоёдог болж байна?
-Зах зээлийн үед нэг хэсэг байхгүй болсон. Нэг үгээр хэлбэл гараар хийдэг зүйл үнэгүйдсэн. Бэлэн хавтан, тавилга уруу хүмүүс хошуурсан. Харин одоо Монгол уламжлал, үндэсний үйлдвэр гээд гар хийцийн тавилга, эд зүйл сонирхож эхэлж байна. Мөн мод эко бүтээгдэхүүн учраас хүмүүс их сонирхож байна. Ерөнхийдөө дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь багасч байгаа.
Сийлбэр бол миний хобби. Одоо хобби маань амьдралын гол түлхүүр болсон доо
-Сийлбэр хийхэд цаг хугацаа их ордог байх?
-Эхлээд захиалж байгаа хүнтэй уулзаж ярилцаад, ямар байх уу гэдгээ тохирно. Үүний дараа загвар, зургаа гаргаж байгаад сийлбэрээ хийдэг. Хугацаа нэлээд их орно шүү. Хийж байгаа материал, сийлбэрээс хамаарч үнэ өөр өөр байдаг. Би чанарыг илүү эрхэмлэдэг.
-Та хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байсан бэ?
-Ер нь бол спортын хүн болно гэж мөрөөддөг байсан. Энэ чиглэлээр ч гэсэн шалгалт өгч байлаа. Харин сийлбэр бол миний хобби. Сийлбэрчин болно гэж бодож байгаагүй. Гэтэл хобби маань амьдралын гол түлхүүр болсон доо.
-Одоо спортоор хичээллэж байна уу?
-Дугуй болон волейболын спортоор хичээллэдэг . Энэ хоёр спортын зэрэгтэй. Мөн багшийн ажлаа хийгээд бүгдийг нь амжуулж байна.
-Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүний хувьд төрөөс олгож байгаа зээл тусламжид хэр хамрагдаж байна?
-Жижиг дунд бизнесийн зээл гэдэг зүйл байдаг. Түүнийг авах гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг. Би нэг удаа хамрагдахдаа байрны гэрчилгээгээ тавьж байж авч байсан. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст бэлэн гэхээс илүүтэй тоног төхөөрөмж оруулж ирж өгвөл их зүгээр юм шиг санагддаг. Надад дутагдаж байгаа тоног төхөөрөмж байж л байна. Авах гэхээр боломж болохгүй юм.
Би сурагчиддаа хэлдэг, сонирхолтой зүйлээ шамдаж сураарай гэж хэлдэг
-Багшилж байгаа гэсэн. Ямар чиглэлээрээ багшилдаг вэ. Хувиараа юм хийж байсан хүн цагт баригдаж ажиллах ямар байна?
-Нарийн мужааны чиглэлээр барилгын коллежид багшилдаг. Би сурагчиддаа хэлдэг, сонирхолтой зүйлээ шамдаж сураарай гэж хэлдэг. Сонирхолгүй бол би мянга заагаад нэмэр байхгүй шүү дээ. Багшийн цалин их бага байна. Гэхдээ хамт олонтой болоод гоё байна. Чаддаг зүйлээ хүүхдүүдэд зааж байгаа болохоор хүндрэл гардаггүй. Чөлөөт цагаараа өөрийн сийлбэрийн ажлаа хийгээд, давхар орлого олоод амьдарч байна даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Танай гэр бүлд таны сийлбэрийн мэргэжлийг сонирхон сурч байгаа хүүхэд бий юу?
– Ам бүл дөрөв, хоёр хүүхэдтэй. Манай гэргий эдийн засагч мэргэжилтэй. Манай хүү маш сайн зураг зурдаг. Охин ч гэсэн чимэглэлийн юм хийдэг. Хүү маань гоё зурдаг хэрнээ сонирхол байхгүй. Гэхдээ миний ажилд ойр зуурын зүйлд тусалдаг. Манай гэр бүлийн хүн ч гэсэн их дэмждэг. Би энэ амьдралдаа сэтгэл хангуулан байдаг.
-Та ирээдүйдээ ямар зорилго тавьж байна?
-Ойрын таван жилийн төлөвлөгөөнд гайгүй хэдэн сийлбэр хийж байгаад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах бодолтой байгаа. Мөн хэний ч хийж байгаагүй дахин давтагдашгүй бүтээлийг хийхийн төлөө ажиллаж байна даа.
Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа