Авлигатай тэмцэх газрын ажил хэргийн нэр хүндэд халдаж, илт худал ташаа гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан www.breakingnews.mn сайтыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн байгууллагад өгч шалгуулах болсныг тус байгууллагаас мэдэгджээ. Тухайлбал уг сайтад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Монголоос хулгайлагдсан хөрөнгийг авчрахад АТГ-ын дарга Х.Энхжаргал саад хийж байжээ…” гэсэн гарчигтай 2.55 минутын видео бичлэг тавигдсан байх бөгөөд уг бичлэгт “…За тэгэхээр АТГ-ыг толгойлж байгаа Энхжаргал хэний талд үйлчилж байгаа нь ийнхүү тодорхой боллоо. Ийм хүн Санжийн Баярыг 10 цаг байцаах уу? Мань Баяр АТГ-т очиж 10 гаруй цаг болсон нь үнэн юм бол хэрвээ байцаагдсан биш эсрэгээрээ Энхжаргал нь Баяртаа байцаагдаж зовлонгоо тоочин загнуулсан байж таарах гээд байна… Ерөнхийдөө авлигач Баярыг АТГ-т аваачиж байцаасан гэх үлгэрийн тайлал энэ. Тэд зүгээр л цаашид яаж хууль мушгихаа ярилцсан л байх…” гэх зэргээр бодит үндэслэлгүй, тодорхой баримтгүйгээр гүтгэн мэдээлжээ. Улмаар фэйсбүүк дэх DMNN зэрэг хуудсуудад “АТГ-ын дарга оффшорчдын талд ажиллаж хуулийн хамгаалалт хийж байжээ” гэх гарчигтайгаар видео бичлэгийг тараасан байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нь 2018 оны 3 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Төрийн департаментын урилгаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар айлчлал хийж байсан болно.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газар прокурорын хяналтан дор үргэлжлүүлж байна.
Энэхүү худал ташаа мэдээллийн улмаас олон нийтийн үнэн зөв мэдээлэл авах эрх зөрчигдөх, авлигатай тэмцэх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын олон нийттэй харилцах харилцаанд таагүй уур амьсгал үүсгэх, нийгэмд бухимдал бий болох зэрэг сөрөг үр дагавар төрүүлж болох юм. www.breakingnews.mn сайтын нийтэд тараасан энэхүү худал ташаа мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан “…хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” зөрчлийн шинжийг бүрэн агуулж байгаа төдийгүй Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа тул Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна гэжээ.