Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугтацгаав.
Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив.
Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл тэр “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.
Сургамжит өгүүллэг ном-с