Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Шөнийн 02 цаг хүртэл үргэлжилсэн уг хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгосон юм.
Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Бөхийн холбооны тэргүүнийг сонгох сонгуульд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн юм. Харин эдгээр нэр дэвшигчдээс Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нь нэрээ татжээ.
Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдлоо.