Хэдийгээр эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт харилцан адилгүй явагддаг боловч энэхүү мэдээлэл танд биеийн жингийн нэмэгдэл хэвийн байгаа эсэхийг мэдэхэд туслах болно.
Хэрэв та дундаж хэмжээний өндөр болон жинтэй бол хэвийн жирэмсний 40 долоо хоногийн явцад таны биеийн жин 10-15 килограмаар нэмэгдэх ёстой. Та хүснэгтээс жирэмсний хугацаанд биеийн жин хэрхэн хугацаа нь ахих тусам улам хурдтай нэмэгддэгийг тодорхой хараарай. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд биеийн жин маш багаар нэмэгддэг (0,7- 1 килограмаар). Харин жирэмсний хоёр дах гурван сарын үеэс эхлэн биеийн жин илэрхий нэмэгдэж эхлэх болно. Хэрэв хоёр ихэр жирэмсэн бол биеийн жин жирэмсний хугцаанд 16-18 килограмаар нэмэгддэг.
Жингийн нэмэгдэл юунаас бий болдог вэ?
Биеийн жингийн нэмэгдэл үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:
- Таны хүүхэд, ихэс, ураг орчмын шингэний жин
- Жирэмсний явцад үүсэх таны өөрийн жингийн нэмэгдэл. Энэ ойлголтонд умай, хөхний хэмжээ томорсонтой холбоотой жин нэмэгдэхээс гадна цусны эзлэхүүн ихсэх, биед ус хуримтлагдах, өөхөнд эдийн хэмжээ ихэссэн зэрэгтэй холбоотой үүсэх жингийн нэмэгдэл хамаарагдана.
Эдгээрийг нарийвчлан харуулвал:
- Хүүхэд 3-4 кг
- Ихэс 0,7 кг
- Ураг орчмын шингэн 1 кг
- Эхийн өөхөн эд 2,5-3 кг
- Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
- Биед хуримтлагдах ус 2,5 кг
- Хөх 0,5 кг
- Умай 1 кг
Илүүдэл өөх
Эдгээр жингийн нэмэгдэл бүгд жирэмсний хэвийн явцад хэрэгтэй зүйлсд зориулагдсан байдаг. Хэдийгээр жирэмсэн эмэгтэйд хуримтлагдах өөхөн эдийн хэмжээ ямар өөх тос болон нүүрс усийг хэдий хэмжээгээр хэрэглэснээс хамаардаг боловч хэвийн үед тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой гэж үздэг. Жирэмсний хугацаанд өөхөн эдийн хэмжээ 3 кг орчмоор нэмэгддэг. Үүний 90% орчим нь жирэмсний эхний 30 долоо хоногт хуримтлагддаг бөгөөд эдгээр өөхөн эдийн ихэнх хэсэг нь төрсний дараа хөхний сүү үүсэлтэнд зарцуулагддаг. Хэрэв өөхөн эд хэт их хэмжээгээр хуримтлагдвал сүү үүсэлтэнд зарцуулагдсанч зарим хэсэг нь хэвээрээ хадгалагдан үлддэг байна. Иймд та жирэмсэн үедээ хоол хүнсээ тохируулан хэрэглэж илүүдэл жинтэй болохгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.
Эх сурвалж: eruuludam.mn