Монгол Улс ойгоо тооллоо. Энэ талаар
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг \”Монгол Улс анх удаа олон улсын ойн тооллогын
стандарт, аргачлалаар шилмүүст навчит ойгоо тооллоо. Өмнө нь 1957, 1974 онд
тооллого хийж байсан бол энэ удаагийн \”Олон зорилтод үндэсний ойн
тооллого”-ыг 2013 оноос хойш бэлтгэсний үндсэнд нэгдсэн дүн гарлаа. Нарийн
судалгаа, дүгнэлт бүхий тооллогод 4189 цэгийн 11 мянга 933 дээж талбайг
хамруулсан байна. Байгалиараа ургаж буй сэргэг мод хангайн бүсэд нэг га-д 4000
орчим, улсын дунжаар 3500 орчим байгаа тоон мэдээллийг Ажлын хэсгийнхэн
гаргасан. Олон зорилтод ойн тооллогын үр дүнд ойн баялгийг зүй зохистой,
тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, хөтөлбөр гаргах, уур
амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ойн хэтийн төлөвийн талаар нарийвчилсан
судалгаа хийх зэрэг чухал суурь мэдээллүүд бий боллоо” гэв.
Ойн газрын мэргэжилтнүүд \”Байгалиасаа сэргэн ургадаг
өсвөр модны дунджийг зориудаар тарьсан нэг га талбайтай харьцуулахад нэг
мянгаар илүү байсан. Энэ нь өсвөр модны ургалт хэвийн үргэлжилж буйг харуулж
байгаа юм. Монгол орны ойн дундаж наслалт 100-200 жил байна” гэсэн юм. Үүнээс
гадна Монгол Улсын нийт ойн 13.6 хувь нь түймрийн улмаас эргэж, сэргэхгүйгээр
доройтсоныг ч дуулгасан юм. Энэ нь Төвийн бүсийн аймгуудад хамаарч байна. Харин
Хөвсгөл аймгийг хөрсний бүтэц, агаарын чийгшлээрээ мод ургах, ойг
бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой, Хэнтий аймгийн ойн бүс ургасан мод, ургамлын
төрлөөрөө хамгийн баялаг хэмээн Ойн тооллогын Ажлын хэсгийнхэн дүгнэсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын ойн сан бүхий газар 19 сая
га ба үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 13.2 сая га аж. Ойгоор бүрхэгдсэн талбай
нь нийт газар нутгийн 8.5 хувийг эзэлдэг нь дэлхий нийтийн жишгээр манай орон
ойн нөөцөөр ядуу орны тоонд ордог байна. Манай орны ойн сан 140 гаруй зүйлийн
мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст мод,
хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилдог.
Эх сурвалж: Үндэсний шуудан