Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 20 мянган метр квадрат газарт баригдаж байгаа 14990 мянган метр квадрат барилга, байгууламж юм. Төслийг гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компани ажиллаж байна. Уг төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэнэ.
Барилгын ажил 2016 онд эхэлсэн ба барилгын суурийг тавих болоод дэд бүтцэд холбох зэрэг Монголын талаас хариуцаж буй ажлуудыг өмнөх УИХ-ын үед хийлгэжээ. Цаашид энэ төв рүү орох орц, гарц буюу замын ажилд анхаарах шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн боловсон хүчнийг сайжруулах, нэмж бэлтгэх, мөн төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламж болоод засмал замыг сайжруулах шаардлагатай байгаа аж.
Монгол Улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тэдний найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Харин энэ төв ашиглалтад орсноор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлүүлэх зардал буурах бодит боломжтой болох юм байна.
Барилгын ажил гүйцэтгэгчид долдугаар сарын 31-нээс өмнө барилгын дээврийн ажлыг дуусгаж, аравдугаар сарын эхээр гол байгууламжийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингээд үндсэндээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, 2019 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм байна.