Хэлмэгдэгсдийн хөшөөг хүн бүр л мэдэх байх. Харин түүнийг яаж өөрчлөгдсөнийг тэр бүр анзаардаггүй бололтой.
Хананых нь дотор талд “Цаазын ялгүй Монгол Улс” хэмээх уриалга үг байсан юм. Гэтэл цаазын ялыг сэргээх тухай яриа дэгдээд ирэхээр энэ үг, үсэг үгүй болсныг манайхан сая л анзаарч, бие биенээсээ асуух боллоо. Хэн энэ үгийг цаазалчихав? Хэзээ, яагаад цаазлав? Ямар гай болов? гээд л үргэлжилж мэдэх нь.
Ямартай ч 2013 онд Хэлмэгдэгсдийн хөшөөний ханан дахь бичиг байсан. Харин 2014 оноос хойш л энэ бичиг үгүй болж, үзэгдэхээ больсон байх юм. Үүнд ямар нэгэн учир шалтгаан байсан ч, байгаагүй ч өнөөгийн эмзэг нийгэмд энэ мэт зүйлс их л хөндүүр тусч байгаа бололтой. Ямар сайндаа “Ерөнхийлөгч Уянгаагаа явуулаад үсгийг нь түүлгэчихэж” гэсэн маазрал ч юм шиг, матаас ч юм шиг үг явж байхав.
Тэгэхээр бид энд тэндэхийн гүн агуулгатай хөшөө дурсгалаа байнга анзаарч баймаар юм байна шүү.
Сонирхуулахад, энэ хөшөөний суурин дээр
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартахтун” гэсэн байдаг.