ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийн охин 33 настай Юлия Скрипалийн биеийн байдал сайжирч, эмнэлэгээс гарсан талаар Их Британий холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Юлия Скрипаль эцгийнхээ хамтаар өнгөрсөн сарын 3-ны өдөр Солисбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон бөгөөд тэдний биед хийсэн тусгай шинжилгээгээр тэднийг “Новичок” гэдэг химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм. Тэгвэл саяхан Юлия Скрипаль ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтнуудын санал болгосон тусламжыг хүлээн авахаас татгалзсан талаар BBC агентлаг мэдээллээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ “Миний бие өнөөг хүртэл хүчтэй өвдсөн хэвээр байгаа, надад ярилцлага өгөх чадал тэнхээ алга, гээд өөрийн үеэл эгч Виктория Скрипалийг тус улсад ирж өөртэй нь холбогдохгүй байхыг хүссэн байна. Одоогийн байдлаар Их Британы цагдаагийн албаныхан түүний алхам тутмыг нь хянаж, хамгаалж байгаа бөгөөд энэ талаар тэрээр “Сар хагасын өмнөх миний амьдрал оронгоороо эргэсэн” гэж хэлжээ. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр тэрээр өдгөө Их Британий нэгэн цэргийн баазад байрлаж байгаа юм байна.