Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс нийслэлд \”Төрийн үйлчилгээний супермаркет” буюу үйлчилгээний нэгдсэн төв байгуулах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.
Тус ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан супермаркет энэ сарын 4-нээс эхлэн туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус супермаркетаар үйлчлүүлсэн иргэд 21 байгууллагын 200 гаруй үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой аж. \”Төрийн үйлчилгээний супермаркет”-ийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан нь энэ юм.
\”Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтой, автобусны найман чиглэлтэй бүх зохион байгуулалтыг иргэдэд чирэгдэлгүй байхаар хийжээ. Тус төвд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гэх мэт 21 байгууллагын 130 гаруй төрийн албан хаагч иргэдэд үйлчилж, нийслэлд үзүүлж 213 төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, 55 үйлчилгээг нь газар дээр нь шууд шийдвэрлэж өгөх юм байна. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.
НЗДТГ-ын иргэд хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргилтой \”Төрийн үйлчилгээний супермаркет” – ын талаар цөөн хором ярилцлаа.
-Хэзээ албан ёсоор нээлтээ хийх вэ?
-Яг тодорхой болоогүй байна. Ямартай ч энэ сардаа багтааж хийнэ.
-Энэ төв нээгдсэнээр иргэдэд ямар боломж нээгдэх вэ?
-Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар иргэн, хуулийн этгээдэд хэд хэдэн төрлийн боломжуудыг нээж өгч байгаа. Нэгдүгээрт, Иргэд төрийн үйлчилгээ авах нөхцөл сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн үйлчилгээний нэгдсэн төв өглөө 08.00-20.00 хүртэл ажиллана. Мөн бямба гаригт ажиллаж иргэдэд үйлчлэх юм. Мөн нэг ажил хөөцөлдөх гэж олон газраар явах биш нэг дороос бүх ажлаа амжуулаад гарах боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь иргэдээс хамгийн ихээр ирдэг гомдол болох төрийн албан хаагчдын зан аашнаас хамаарсан зүйл үгүй болж байна. Энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг ямар ч дарга шийдвэрлэж болохгүй болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Танил хүн дээрээ ороод арын хаалгаар шийдвэрлүүлчихдэг гэдэг асуудал байхгүй болж байна. Тэр үүднээс төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, асар том ажлын эхлэл болж байгаа.
-Зөвхөн БЗД-ийн хүмүүс үйлчлүүлэх боломжтой юу?
-Үгүй ээ. Дүүрэг хамаарахгүй хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжтой.
-Нийт хэдэн төгрөгийн төсвөөр байгуулагдсан бэ?
-Ойролцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
\”Төрийн үйлчилгээний супермаркет” – аар үйлчлүүлсэн иргэдийн байр суурийг сонслоо.
БЗД-ийн иргэн Г.Ганбаяр: Байрлал нь жаахан хол санагдлаа
-Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ гэдэг маш зөв. Төр засаг маань ганц удаа ч болов ард түмнээ бодсон шийдвэр гаргаж байгаад би хувьдаа маш их баяртай байна. Өнөөдөр анх удаа ирж үйлчлүүлж байна. Байрлал нь жаахан хол санагдлаа. Нэгэнт л хийж байгаа бол хотын төвдөө иргэддээ ойрхон байсан бол зүгээр байсан юм. Төрийн байгууллагыг хувийн компанийн байранд оруулна гэдэг нь өөрөө жаахан туйлширсан асуудал.
БЗД-ийн иргэн Д.Саруул: Дарга нарын үүд сахиж суух шаардлагагүй боллоо
-Манай дүүрэгт ийм төв байгуулагдсанд би хувьдаа их баяртай байна. Маш олон цонхтой бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна. Дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа болохоор ч тэр юм уу урт дараалал байхгүй шууд үйлчилгээгээ аваад гарч байна. Хамгийн гол нь төрийн байгууллагын хүнд суртал багасч том дарга нарын үүд сахиж суух шаардлагагүй боллоо гэж ойлгож байгаа.