Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захиралд зориулж мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой юм. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
“Самюк” \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак, “Биднийг хүлээн авах цаг зав гаргасан танд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр орны хувьд ижил төсөөтэй олон зүйл бий. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно. Манай сургууль бага, дунд, ахлах, их дээд гэсэн 27 салбар сургуультай. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна” гэв.
Санамж бичиг байгуулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчдыг чадваржуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, хамгийн сүүлийн үеийн сувилахуйн арга барилд суралцуулах зэрэг өргөн боломжууд бий болж байгаа юм