Бидний мэдэх өнөөдрийн драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг тавигдах гэж байна.
Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог. Залуу найруулагч Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна.
Тус жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр шинэ сонин шийдлүүдээр харж болох гэнэ. Үүний нэг нь холограм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харагдана гэсэн үг.
Зөвхөн холограмаар зогсохгүй өмнө нь ямар ч жүжиг, тайзны урлагт олж харж байгаагүй гайхшруулам олон шийдлүүдийг та “Фауст” жүжгийн явцад харах болно. Тус жүжиг тайзнаа тавигдсанаар Монголын драмын урлаг шинэ төвшинд гарна хэмээн төслийн багийнхан хэлж байгаа юм.
Жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Л. Баттулга, голлох дүрүүдэд Г. Мягмарнаран, Б. Жаргалсайхан, Г. Урнаа, Н. Оюунчимэг нар тоглох юм.
Гётегийн Фауст жүжгийг зохиолч, орчуулагч Норовын Пүрэвдагва орчуулсан бөгөөд Жүжгийн Ерөнхий продюсераар Г. Мягмарнаран зөвлөх найруулагчаар Чойнхорын Найдандорж, Ерөнхий зураачаар Гунгаасүхийн Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Машлайн Болд, найруулагчаар дэлхийн тэргүүлэх Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирсэн залуу найруулагч Мягмарнарангийн Батболд ажиллаж байгаа юм байна.