Монгол бөхийн өргөөний өмчлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны удирдлага, зохион байгуулалтын маргаантай асуудлаас болж энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар зарлаад байсан бүх тоглолтуудыг цуцалсан байна. Энэ талаар дуучин П.Идэржавхлан, Б.Батболд, Ч.Алтантүлхүүр нар мэдээлэл хийлээ.
Дуучин П.Идэржавхлан “ Монгол бөхийн өргөө бөхчүүдийн маргаантай асуудлаас болж бөхийн өргөөг хааж, цагдаагийн хамгаалалтад авсан байгаа. Энэ байдлаас болж бидний зарласан тоглолт хийх боломжгүй болсон. Үүнээс болж үзэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг хэлмээр байна. Уран бүтээлчид бид тоглолтоо долоон хоногийн дотор шийдэж хийдэггүй. Бүтэн жилийн өмнөөс тоглолтоо төлөвлөж, тэр төлөвлөгөөний дагуу тоглолтоо зохион байгуулдаг. Энэ маргаан хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй учраас бид тоглолтоо зохион байгуулах газруудаа товлож байна. Миний хувьд энэ сарын 25-26-нд баруун дөрвөн замд байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглолтоо хийхээр болсон” гэв.
Харин дуучин Б.Батболд “Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр төлөвлөөд тоглолтын ажлаа эхлүүлсэн байсан. Гэвч бөхчүүдийн асуудлаас болж бидний тоглолт хойшилсон байгаа. Бөхчүүдийн хоорондын асуудлаас болж бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авсан. Би үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Би энэ сарын 23-24-нд Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд тоглолтоо зохион байгуулахаар болсон байгаа” гэлээ.
Дуучин Ч.Алтантүлхүүр “Миний хувьд энэ сарын 25-нд хоёр дахь бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч бөхчүүдийн маргаантай асуудлаас болоод тоглолтоо хойшлуулж, ирэх сарын 5-ны өдөр Тусгаар тогтнолын оронд хийхээр боллоо. Реклам зар сурталчилгаа хийгдээд эхэлчихсэн учраас үзэгчдээ хүндэлж, төөрөгдөл оруулахгүйн тулд өнөөдөр мэдээлэл хийж байна. Бөхийн өргөө болон бөхчүүдийн дунд ямар асуудал байгааг бид сайн мэдэхгүй. Энэ сард маш олон уран бүтээлчдийн тайлан тоглолтууд зарлагдсан байсан” гэлээ.
Ч.Алтантүлхүүр: Тоглолтын тов өөрчлөгдсөн асуудалд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой
Ингээд дуучдаас дараах асуултад хариулт авлаа.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас бөхийн өргөөнд тоглолт хийлгэхгүй гэсэн шийдвэр гаргасан байсан. Та нарт бөхийн өргөөнөөс энэ асуудлыг хэлээгүй юм уу?
Дуучин П.Идэржавхлан: Гадуур тийм яриа гарсан байсан. Харин бөхийн өргөөнөөс тоглолт хийх боломжгүй гэж бидэнд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй.
Дуучин Б.Батболд: Өлзий телевизээс зохион байгуулсан “Намрын хит” тоглолт бөхийн өргөөнд болсон. Энэ тоглолтод мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс хэмждэг багажтай ирсэн гэсэн. Тэр хүмүүс тоглолт хийж болохгүй гэдэг асуудлыг тавиагүй юм байна лээ. Энэ бөхийн өргөөний үйл ажиллагааг хаасан асуудал бол Монголын үндсэн бөхийн холбооны асуудалтай холбоотой гэсэн.
Дуучин Ч.Алтантүлхүүр: Бөхчүүд хоорондоо маргаан үүссэн байж болно. Гэхдээ бусад уран бүтээлчдийг хохироож болохгүй.
-Бөхийн өргөөтэй тоглолт зохион байгуулахаар гэрээ байгуулсан байсан уу?
-Дуучин П.Идэржавхлан: Гэрээ байгуулсан ч гэсэн цаанаасаа албан ёсоор зогсоож, цагдаагийн хамгаалалтад авчихсан байгаа болохоор бид тоглолтоо хийх боломжгүй байгаа. Иймээс Монголын Үйлдвэрчны Эвлэлийн Соёлын Төв Ордонд хийхээр болсон.
– Дуучин Ч.Алтантүлхүүр: Миний ойлгож байгаагаар энэ үүссэн маргаанаас болж хүн амьтан гэмтэх болон бусад асуудал үүсч магадгүй гэж хаасан гэж ойлгож байгаа. Харин бөхийн өргөөнөөс үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл өгөөгүй. Бид өнөөдрийг хүртэл нээчих юм болов уу гэж харсан. Гэтэл нээгээгүй байна. Энэ асуудал нэг хэсэг хүний эрх ашгийг хамгаалж байгаа боловч зарим хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн тоглолттой холбоотой санхүүгийн асуудал бас яригдана. Гэхдээ энэ асуудлыг одоо ярихгүйгээр тоглолтоо зохион байгуулсны дараа ярина.
-Та нар тоглолтоо хийхдээ яагаад бөхийн өргөөг сонгодог вэ. Бусад газруудад тоглолтоо хийж болдоггүй юм уу. Ер нь бөхийн өргөөнд тоглолт хийхдээ хэдэн төгрөгөөр түрээсэлдэг вэ?
– Дуучин П.Идэржавхлан: Бөхийн өргөө тоглолт хийхэд маш боломжийн суудалтай. Мөн монгол гэрийн зохион байгуулалттай учраас тоглолтоо хийдэг. Үүнээс гадна бусад газраа бодвол түрээс багатай, уян хатан байдаг юм. Нэг тоглолт хийхдээ 3 сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг
– Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосноос болж та нарт мөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нэлээд хүндрэл үүсч байгаа байх. Нэг тоглолт зохион байгуулахад хэдий хэмжээ мөнгө зарцуулдаг вэ?
– Дуучин П.Идэржавхлан: Янз бүр байдаг. Миний хувьд намраас эхэлж тоглолтоо зохион байгуулах ажилдаа орсон. Тоглолт зохион байгуулахад маркетингийн ажил нэлээд их хийдэг. Тухайлбал, телевиз, радиогоор реклам зар сурталчилгаа явуулах, самбар гэх мэт их зүйл хийдэг юм. Гэтэл тоглолт хийх газар өөр болсон учраас ахиад шинээр реклам хийх зэрэг хүндрэл гарч байна.
Дуучин Ч.Алтантүлхүүр: Тоглолтын зардал янз бүр байдаг. Миний хувьд бөхийн өргөөг нээчих боловуу гэсэн найдлагатай байсан учраас тоглолтоо тун удахгүй гээд зарыг явуулж байсан. Харин өнөөдрөөс эхлээд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болсон. Бид одоо гарсан зардлаа тооцохоос илүүтэй үзэгчдээ төөрөгдүүлэхгүйгээр тоглолтоо зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний дараа тоглолтын тов өөрчлөгдсөн асуудал болон санхүүгийн асуудлыг ярина. Мэдээж энэ асуудалд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.
-Худалдаанд гарсан тасалбараа буцаах асуудал гарч байгаа гэсэн. Үүнийгээ яаж шийдвэрлэж байна вэ?
– Дуучин П.Идэржавхлан: Одоогоор мянга гаруй тасалбар зарагдсан байгаа. Тасалбарыг худалдаж авсан хүмүүс төөрөгдөлд орж байна. Мөн тасалбар буцаах зэрэг олон асуудал гарч байгаа. Бид уржигдраас эхэлж Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд хийхээр болсон. Иймээс тасалбарыг сольж өгөх ажлыг хийж байна.Гэхдээ тоглолт болох хугацаанд нь хийхээр ажиллаж байна. Энэ асуудал биднээс шалтгаалаагүй ч гэсэн маш хүнд байна. Гэхдээ үзэгчдээ хүндлээд тоглолтын тасалбарыг боломжоороо сольж өгч байгаа. Цаг хугацаа богино байгаа учраас шинээр тасалбар хэвлэх боломжгүй. Тасалбар авсан хүмүүстээ хандаад бид нараас шалтгаалсан асуудал байхгүй учраас биднийг хүндэтгэж үзээрэй гэдгийг хэлмээр байна.