БНСУ-ын Гуанжү хотын цагдаа нар өнгөрсөн 14-ний өдөр согтуугаар хулгай хийж байсан нэгэн гадаад хүнийг үйлдэл дээр нь барьжээ. Тэр бол тус улсад хууль бусаар оршин суудаг ”А“ гэгч Монгол хүн байсан бөгөөд үүрийн 03:00 цагийн үед Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дахь 5 машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, цаг, зээлийн карт зэргийг хулгайлжээ. Хулгай хийж байсан монгол залууг нэгэн оршин суугч харж, тэр даруй цагдаад дуудлага өгсөнөөр”А” гэгч үйлдэл дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаах явцад Монгол залуу ”А” нь 2016 онд гурван сарын аялалын визээр Солонгос улсад очсон боловч цаг хугацаандаа эх орондоо буцалгүй, харин өнөөг хүртэл хууль бусаар амьдарч байсанг илрүүлжээ. Мөн тэрээр энэ хугацаанд хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдон ба Гуанжү хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.