Онд орохгүй малаа муулж, орлогоо нэмэгдүүлэх л гэж…
Төв суурин газрынхан голдуу гэр бүлийн гишүүдийн ядаж хоёр нь ажил хийж, хүүхдүүд нь хичээл сургуульдаа яваад, цалин мөнгө аваад амьдарч болоод байдаг. Хөдөөнийхний хувьд бэлэн мөнгөний гол эх үүсвэр нь хэдэн мал л байдаг. Мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур гээд түүхий эдийн гаралтай бүхий л бүтээгдэхүүнүүдийг боловсруулж байж малчид амьжиргаагаа залгуулдаг.
Төв аймгийн хувьд газар тариалан, мал аж ахуй хослосон хөдөө аж ахуйн нөөц бүс нутаг юм. Харин Өндөрширээт сумын хувьд таван хошуу малын нутаг юм. Зуншлага тааруухан байж, өвөл чангарна гэдгийг эртнээс мэдсэн малчид онд орохооргүй хөгшин, эцэнхий, жижиг малаа махалж зарах санаатай байсан ч махны үнэ газарт буутал унасан тул мөнгөний эх үүсвэргүй болоодбайгаагаа ярьж байна.
\”Хонь, ямаа муулаад зарна гэвэл худлаа. Мөнгө олох нь байтугай амьтны амь хороосон нүгэлд унана. Харин адуу, үхэр зэрэг бод малын мах арай дээр байгаа юм уу даа. Ядаж сургуулийн дотуур байр, эмнэлгийн хоол хүнс гээд авах юм. Хотод ч бас үхэр, адууны мах арай дөнгүүр үнэтэй байна лээ” хэмээн тус сумын Уянгын гуравдугаар багийн малчин Г.Отгонбаяр ярилаа.
Айлд буусан хүмүүсийн ярианаас сонсохнээ \”Тэднийх үхэр, эднийх адуу гаргаж байна. Сум оруулж дотуур байранд өгөх гэнэ, хот руу авч явах гэнэ” хэмээн сонин дуулгаж байх жишээтэй. Малчдаас өвөлжилтийн байдал, мал маллах арга ухаан, бэлэн мөнгөний эргэлт, малын наймаа арилжаа зэргийг асууж тодруулахад \”Өвөл хүндхэн болох нь ээ. Өвс муутай учир цас чанга байна. Хавартай золгочихвол, сүү, ноос ноолуур гээд бэлэн мөнгө олох арга нэмэгдэнэ л дээ” гэцгээж байна.
Цас зуданд барж хотоо харлуулсанаас, хямд ч гэсэн хэдэн төгрөгнөөс өгье дөө
Энэ өвөл цас их унаж, зуд болно гээд малчид малаа махлан зарахаар шийдсэн аж. Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн малчид өвөл эсэн мэнд онд орох бие том, тарга тэвээрэг сайн малаа үлдээгээд бусдыг нь нядалж хотод оруулж зарж байсан. Өндөрширээтийн малчид ч бас ийм байдлаар олон толгой малаа чанартайг нь авч үлдээд бусдыг нь амьдаар болон махалж зарсан гэнэ. Энэ тухай тус сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд ийн ярьж байна.
\”Олон малтай айл өрхүүд малаа цөөлөх, чанартайг нь өсгөх бодлого барьж их хэмжээгээр муулсан. Мянгат малчид нь 200-300-гаар нь, бага зэргийн малтай нь 100 орчмыг нядалж, хот руу оруулсан. Хэдийгээр махны үнэ бууж, хүмүүсийн хэрэглээ нэмэгдсэн ч, олон тоогоороо борлуулсан болохоор нэг их ашиг авч ирээгүй ч, зардлаа нөхсөн байх. Одоо цагийн байдал ийм байна. Тэр нь ч зөв байсан юм. Малаа муулж, зараагүй айлуудынх нь муу мал хотондоо үхэж үрэгдэж байна. Өвлийн хүйтэн, цасны жавар даахгүй туранхай, эцэнхий малнууд нь үхэж байгаа нь малчиндаа ч тэр, мал сүрэгтэй ч харамсалтай байна. Сайн, тарган хонио муулаад хот руу оруулахад л 2400-2600 орчим төгрөгөөр бодож авдаг. Үхрийн мах арай гайгүй нь байна. 5000 орчимтой. Адуу, ямааны махны үнэ навс унасан. 2000-2300 хавьцаа л болдог. Махны ченжүүд гэж жинхэнэ шулаачид байна. Бид чинь загнуулах шахам байж хэдэн махаа борлуулна. Харин сүүлийн үед махны үнэ арай өсөх хандлагатай байна. Гэхдээ махны үнэ өслөө гээд малчид ахиад мал муулаад суух зав байхгүй л дээ. Энэ хүйтэн, цасны байгаад малаа хариулж маллая л гэнэ биз дээ\” гэв
Малынхаа ашиг шимийг малдаа л зориулж байна…
\”Мал сүргээ муулж, зарж олсон хэдэн төгрөгөө бид чинь ямар архи, тамхи, талх, ногооноос өгчих биш. Амьхандаа малынхаа буянг малдаа шингээх гээд л үзээд байна. Хэдэн боодол өвс, хэвэг, тэжээл, хашаа хороо гээд малаа дулаан байлгах, онд оруулах талын л юм болгох юм” гэнэ.
Малчдын гар дээр байнга бэлэн мөнгө эргэлдэх нь тун ховор юм. Хавар ноос, ноолуур гарах үед, зун баяр наадам дөхөхөөр мал зарж, өвөл бол идэшний цагаар ганц нэг бог, бод зарж л бэлэн мөнгөтэй залгадаг байсан бол сүүлийн үед Хөдөө аж ахуйн биржийн худалдаа, Мах, сүү нийлүүлэлтийн орлого, арьс ширний урамшуулын мөнгө зэрэг малчдын санхүүд тус дэм болохоор төрийн дэмжлэг олон болсонд малчид сэтгэл хангалуун байлаа. \”Баяр ёслолын үеэр л гэхээс бидэнд чинь хотынхон шиг өдөр тутам бэлэн мөнгө хэрэглэгдэхгүй болохоор амар юм. Хүүхдүүддээ хааяа хэдэн цаас яаж ийж байгаад олж явуулдаг. Идэш, ууш, хоол хүнсийг нь бэлдээд өгчихнө. За тэгээд малаа дагаад, уул усаараа нутаглаж явах чинь жаргал юм” гэж уул, тал дүүрэн цасан бүрхүүлд автсан Уянгын багийн малчид хуучилж байна.
Олон жил мал дагасны эцэст овоо өсөөд ирэхээр нь нэг өвлийн зуданд алдах ч харамсалтай явдал. Цаснаас харамлаад мөнгө болгоё үнэд хүрэхгүй. Ямар ч гэсэн хот дүүрэн үхсэн малын сэг хурааж байхаар, үнэ хямд ч гэсэн хотынхондоо малын шинэ шөл уулгачих санаатай, аргагүй эрхэнд нядалж, зарах юм гэсээр хонь, үхэр гаргахаар айл саахалтын харчуул цуглах нь хөдөөнийхний л амьдрал юм.
З.Батхуяг