ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙХААС ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЯРЬДАГГҮЙ
ҮНЭНДЭЭ ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ ХҮРГЭЖ БАЙГАА ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ХЭМЭЭН ЭЕРЭГ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ ЧУХАЛ ЮМ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ сүндэрлэх Энканто хотхон хэдийн оршин суугчдаа хүлээн аваад эхэлжээ. Хотхоны үүдээр ороход л утаатай, түгжрээтэй хотын стресс тайлагдахуйц намуухан, цэвэрхэн орчин угтана. Энканто хотхонд хүний тав тухыг хангасан олон зүйл байхын зэрэгцээ Монголын хамгийн том гэж хэлж болох долоон давхар дулаан грааш, спортын иж бүрэн цогцолбор байгаа нь хэн бүхнийг энэ хотхонд амьдрах хүслийг төрүүлнэ. Сайтар ажиглавал энд жижиг зүйлийг ч орхиж үлдээлгүй нарийн зохион байгуулалттай, сэтгэлээ шингээж барьсан нь тодорхой харагдана. Ийм нарийн нямбай байх нь ч аргагүй юм гэдгийг би уг төслийг хэрэгжүүлж байгаа \”Оргил\” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч, Сээкл ХХК-ийн захирал Ж. Ганбаатартай уулзаад ойлголоо. Тэрээр бизнесээ бүхлээр нь хардаг ч түүнийг бүрдүүлдэг эд, эс болгонд ач холбогдол өгч, түүнийхээ төлөө махруу зүтгэдэг нэгэн.
Энканто хотхон төслийг санаачлагч Сээкл ХХК-ийн түүх энгийн эхэлж байжээ. 1991 онд 18 настай байсан оюутан Ж. Ганбаатар Налайхаас Улаанбаатар хот луу өглөө болгон галт тэргээр хичээлдээ ирдэг байв. Уурхайчдын тосгонд өссөн түүний хувьд багаасаа ажил хөдөлмөрийг дээдэлж, аливаа зүйлд анхааралтай, нягт нямбай хандах төлөвшлийг эцэг эхээсээ өвлөсөн нь түүнийг хожмоо худалдааны салбарт амжилттай ажиллахад онцгой нөлөөлсөн гэнэ. 1992-2000 оны үед Монгол оронд нүүрлэж байсан хүнсний барааны хомсдол бизнесийн салбарынханд өргөн боломжийг нээж өгчээ. Ж. Ганбаатар ОХУ, Хятад, Туркийн хооронд бараа зөөж, улмаар Герман, Польшоос амттан оруулж ирдэг болов. Оруулж ирсэн бүтээгдэхүүнээ ачааны машинд ачаад Нарантуул зах руу явахад очих газраа хүрч амжаагүй байхад замд нь захын наймаачид, хөдөөнөөс ирсэн худалдаачид барааг нь худалдаад авчихдаг байв. Бизнес хөгжихийн хэрээр олон төрлийн харилцагчидтай болж албан ёсны компанитай болох хэрэгтэй болов. Ингээд 1996 онд Сээкл компаниа байгуулжээ. Бараа бүтээгдэхүүнээ Бөмбөгөрийн урд талд худалдан авсан төрөлжсөн барааны дэлгүүртээ зардаг болов. Тухайн үед бараг бүх дэлгүүр төрөлжсөн байсан бөгөөд АПУ, Талх чихэр гээд компаниуд зөвхөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг лангууны араас зардаг байв. Ингэж явсаар тодорхой хуримтлал бий болж барааны нэр төрөл нь олшроод ирэхээр өөрийн гэсэн дэлгүүртэй болох зайлшгүй шаардлагатай болов. Тийнхүү 2003 онд 3, 4-р хорооллын эцэст байрлах дөрвөн давхар байшинг худалдан авч, өөрсдөө дотоод засал чимэглэлийг нь хийж, анхны дэлгүүрээ байгуулж байжээ. Дараа нь Амгалан, 120, Зайсанд өөрсдөө дэлгүүрийн зориулалттай барилга барьж эхлэв. Дэлгүүр ажилуулахад түүний худалдааны сургуульд сурсан мэдсэн нь их хэрэг болдог байв. Монгол банк, Худалдаа бэлтгэлийн яаманд ажилладаг мундаг профессоруудаар хичээл заалгаж байсан болохоор их зүйлийг сурсан байжээ.
Дэлгүүрээ барьсны дараа хамгийн чухал зүйл нь агуулах болохыг ойлгож монголдоо хамгийн том гэж хэлж болох хүнсний агуулах барьжээ. Хүнсний барааны хувьд тээвэрлэх, хадгалах, түгээх нь маш чухал байдаг тул Германы Этика компанийн тусламжтай халуун, хүйтэн тохиргоотой, иж бүрэн хянах системтэй агуулахыг барьсан байна. Одоогоор энэ агуулахад 120 хүн ажилладаг. Ноён Ж. Ганбаатарын хэлж байгаагаар тэд АНУ-ын бөөний худалдааны Costco сүлжээ дэлгүүр шиг жижиг дунд бизнесийг дэмжиж ажиллахыг зорьдог гэнэ. Cosctco зөвхөн гишүүнчлэлийн карттай хэрэглэгчдэд үйлчилдэг ба энэхүү төвөөс цайны газар, ресторан гээд жижиг бизнес эрхлэгчид бөөнөөр хүнсээ авдаг. Үүний адил Оргилын гол худалдан авагчид нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг ажээ. Одоогоор нэг дүүрэгт хоёр дэлгүүр байхад хангалттай, гол нь орж ирэхэд хамгийн цаад захын бараа харагдахуйц цэлгэр байх ёстой гэдэг үүднээс 1000 м2-аас доош талбайтай дэлгүүрүүдээ зарж байгаа гэнэ. Оргилын бүтээгдэхүүн харьцангуй хямд учир эргэлт хурдан, тэр чинээгээрээ шинэ байдаг. Стиморол бохь зарж ганзагын наймаагаар бизнесээ эхэлж байсан түүнийг зарим нэг хүмүүс \”чихэр зардаг Ганбаа\” хэмээн даапаалсан маягтай ханддаг байсан гэдэг. Гэтэл жижиглэн худалдааны бизнес ямар их мөнгө эргэлдүүлж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж, хүн ардын эрүүл мэндийн гол тулгуур болсон хүнсний аюулгүй хэрэглээг нь хангаж байдаг, цар хүрээ болоод хүртээмжийн хувьд бизнесийн асар том салбар болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Үндэсний үйлдвэрлэл гэж яриад байхаас \”Үндэсний үйлчилгээ\” гэж ярьдаггүй. ҮНЭНДЭЭ ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ ХҮРГЭЖ БАЙГАА ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ХЭМЭЭН ЭЕРЭГ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ ЧУХАЛ ЮМ.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын эхний байруудад уул уурхайн компаниудаас илүүтэй Wall Mart, Coscto хэмээх өргөн хэрэглээний барааны сүлжээ дэлгүүрүүдийн эзэд ордог нь ч санамсаргүй зүйл биш юм. Хүний өдөр тутмын хэрэглээг хангаж байдаг болохоор хамгийн хурдан эргэлттэй, их хэмжээний мөнгө эргэлддэг энэ зах зээл дээр нарийн мэдрэмжтэй, жижиг зүйлийг ч анзаардаг, зүтгэлтэй, сэтгэлтэй хүн л амжилт гаргах нь тодорхой.
Сээкл ХХК-ийн хувьд гадаад худалдаа чухал байр суурийг эзэлдэг. Гадаад худалдаанд хамгийн чухал нь дэлхийн нэр нөлөө бүхий үзэсгэлэнгүүдээр явах байдаг. Anuga! Энэ нэр бол дэлхийн хүнс үйлдвэрлэгчдийг нэгэн дор цуглуулж чаддаг Германд болдог дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Дэлхийн бүх брэндүүд энд ирнэ. Бараагаа танилцуулна, дистрюбитер хайна. Энэ үзэсгэлэн анх түүний нүдийг нээж, эндээс л алдарт брэндүүдээ Монголд оруулж ирж байжээ. Үүний нэг нь бидний хүүхэд насны түүхийг сэргээх Alpen Gold шоколад. Анх Anuga-ийн үзэсгэлэн дээр очихдоо тэрээр нэгэн хижээл насны Герман эртэй танилцаж, түүний Alpen Gold шоколадыг оруулж ирэх гэж гэрт нь хүртэл очиж байжээ. Өвгөн түүнтэй эхлээд нээлттэй гэрээ хийж, шоколадаа түүнд болон бусад импортлогчдод зардаг байсан бол хоёр жилийн дараа ганцхан Оргил л зарах эрхтэй болжээ. Герман өвгөн \”Хоёрхон сая монголчууд ийм их шоколад идэж байна гэж үү, арай шоколадаар байшин барьдаг юм биш биз, Хятад руу зардаг юм уу\” хэмээн хошигнон асуудаг байв. Нээрээ ч монголчууд энэ шоколадыг өргөн хэрэглэж заншжээ. Ж. Ганбаатар захирал өөрөө амттанд дуртай тул өөрөө ч, хүүхдүүд нь ч дэлгүүрийнхээ брэндүүдийг хэрэглэж ирсэн ба хүүхдүүд нь өндөр биетэй болсон нь сайн чанарын хүнс тэжээл идэж өссөнтэй холбоотой байх хэмээн ярив. Гадаад худалдаа эхлүүлж байсан эхний жилүүдэд одоогийнхоор бол энгийн гэмээр зүйлүүд хүртэл хүндрэлтэй байдаг байж. Жишээ нь олон улсын үзэсгэлэн худалдааны дараа уулзсан хүмүүстэйгээ холбогдохын тулд төв шуудан дээрээс факс явуулдаг байжээ. Хориод захиа явуулж хариугаа и-мэйл-ээр авна. Ямар ч хариу ирэхэд ихэд баярладаг байсан гэдэг. Мөн одоо ч гэсэн дэлхийн нэр хүндтэй компаниас и-мэйл ирэхэд баярладаг хэмээн Ж. Ганбаатар захирал өгүүлэв.
Жижиг орны бизнес эрхлэгч байна гэдэг амаргүй. Гадаадын том компаниуд Монголын зах зээлийг бага хэмээн голж үл тоомсорлох нь энүүхэнд. Нэгэн олон улсын үзэсгэлэнгийн дараа Ж. Ганбаатар захирал 120 гаруй жилийн түүхтэй Австрийн Whoerle компанитай түншийн гэрээ байгуулж, алдарт Happy cow бяслаг сирийг оруулж ирэх гэрээ хийхээр болжээ. Гэтэл австри хүний ихэмсэг язгууртан зангаар том бизнес л хийхгүй бол хамтарч ажиллахгүй гэж түүнийг үл тоомсорложээ. Магадгүй өдөржин үзэсгэлэнгээр хэссэн, нойр дутуу байсан тэр ядруухан харагдсан байх. Гэвч Ж. Ганбаатар захирал шантарсангүй, шарандаа их хэмжээний бараа авчээ. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа уг компанийн Ерөнхийлөгч Хятадад гэрээ хийх далимдаа Монголд хүрэлцэн иржээ. Ганбаатар захирал өөрөө гадаадад байсан ч түүний ажилчид Whoerle компанийн Ерөнхийлөгчийг маш сайхан хүлээн авч өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна. Ингээд тун удсангүй түүнийг эх орондоо урьжээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт очиход Монголын тугийг хатгасан, төрийн дуулал эгшиглүүлж, эгээ л улсын ерөнхийлөгч ирсэн мэт хүндэтгэлтэй угтан авчээ. Түүнээс хойш Австрийн язгууртнуудын бизнес гэж хэлж болох энэ компанитай ойр дотно болж тэдгээрийн хүрээллийн хүмүүстэй танилцаж, хэд хэдэн хөрөнгө оруулалт татаж чаджээ. Түүний гадаадын түншүүдтэйгээ ажилладаг хэд хэдэн зарчим байдаг. Хэзээ ч том амлалт өгөх юм уу өөрсдийгөө худал рекламддаггүй. Харин гүйцэтгэлийг бодож байснаас нь хэд дахин илүү хийхээр харилцагчид нь баяртай үлддэг байна. Мөн гадаад хүмүүс аливаа зүйлийг дэс дараалалтай, цаг хугацаанд баригдаж хийдэг тул түүнд нь тохируулж хариуцлагатай хандах. Наад зах нь захиалгаа 1-2 жилийн өмнө төлөвлөх хэрэгтэйг онцолж байв.
Ж. Ганбаатар захирал өөрөө маш багаас эхэлсэн болохоор хүн болгон бизнес хийж амьдралаа дээшлүүлж чадна гэж үздэг. Хүн бүхэн бизнес сэтгэлгээтэй болчихвол улс орон дороо хөгжинө хэмээн бизнесийн талаарх санал бодлоо хуваалцсан юм. \”Бизнес бэлэнчлэх сэтгэлгээг арилгаж, хүний өөртөө итгэх итгэлийг бадрааж, алдаа гаргасан ч өөрөө өөрийгөө засаад явдаг, хүнийг байнга хөгжихийг шаардаж байдаг гайхалтай систем юм гэдгийг онцолж байлаа. Зарим нэг муу нэртэй байсан бизнесменүүд хүртэл он цагийн эрхэнд төлөвшиж итгэлтэй, сайн түншүүд болсон байдаг. Бизнест худал хэлэх, хууран мэхлэх, танил тал харж ажилд авах зэрэг нь хор уршигтай байдаг тул цаашаа хол явдаггүй. Гэхдээ алдаагаа хэзээ ч засаж болно. Бизнесийн хүн өдөр бүр олон янзын хүнтэй уулзаж, асуудлуудын гарцыг олж, шийдвэр гаргаж байдаг ба өөрөөсөө илүү хүний хэрэгцээг мэдэрч ажилладаг тул даруухан байдаг. Бизнесийн хүмүүс оролдлоготой, тууштай болдог. Болохгүй байсан ч үзээд алддаг нь бизнесийн хүний эрсдэл хүлээх чадвар. Таван сургууль төгссөн ч сэтгэх чадвар муутай хүмүүс байдаг. Бизнес гэдэг мэдлэг дээр үндэслэсэн дотоод мэдрэмж, чадна гэсэн итгэл, махруу байдал. Бизнесийн нэг сайхан зүйл нь олон хүн баян байвал тухайн бизнест эерэг сайн нөлөөтэй байдаг. Тиймээс дундаж давхаргыг бизнес сэтгэлгээтэй болгож амьдралыг нь дээшлүүлэхэд нэгэнт байр сууриа олчихсон бизнесүүд хамтран тусалбал сайн гэж тэрээр үздэг. Ж. Ганбаатар захирал мөн бизнесийг дэмжих дараах саналуудыг хэлсэн юм. Компаниуд хамтраад дэд бүтэц, цахилгааных нь асуудлыг шийдээд жижиг үйлдвэрүүдийг дэмжиж болно. Бизнесийн алтан гурвалжин буюу шунал, хүсэл, бүтээх гэдэг нь муу зүйл огтхон ч биш. Дэлхийн улс орнууд хөрөнгөтнүүдээ дэмжиж байсан тэр л үед шинэ технологи, шинэ санаачилгууд шил дараалан гарч улс орны хөгжлийг урагш түрж байв. Бизнесийн нийгмийн хариуцлага гэж их ярих болсон орчин үед бизнес нь цар хүрээгээ тэлж зөвхөн хувийн ашгаас илүү нийгэмдээ чиглэдэг болж байна. Тиймээс төрийн алба руу хошуурч байгаа залуус, тэнд ажиллаж байгаа 250,000 хүн хүнээс хамааралтай эрх мэдлийн төлөө бус, өөрийнхөө гар хөл, оюун ухаанаар амьдралаа босгох хэрэгтэй. Монгол улс хөгжиж буй орны хувьд жижиг дунд бизнесийг бүх талаар дэмжиж, төр нь бага оролцвол ирээдүйд орж ирэх татварын хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Харин нэгэнт хөгжлийн өндөр түвшинд гараад ирвэл төрийн оролцоо илүү болох нь дамжиггүй. Мөн хэвлэл мэдээллээр бизнесийн талаар эерэг, хүмүүст бизнес хийх сэдэл төрүүлсэн мэдээ мэдээлэл өгөх нь чухал. Надтай уулзсан хүн хэн нэгэн даргыг таньдаг эсэхийг асууж биш ажил хүсэж ирдэг болохыг би хүсэж байна” хэмээн тэрээр чин сэтгэлээсээ хэлсэн юм.
18 настайдаа анх бизнесийн гараагаа эхлүүлж байсан тэрээр олон салбар луу үсчиж ороогүй. Харин бизнесийн туршлага болоод мэдлэг тэгшрээд ирсэн хижээл насандаа барилга гэх алтан үе нь дууссан гэж хэлж болох ч ирээдүйд асар их боломжтой энэ салбар луу оржээ. Дөрвөн хүүхдийн аав ноён Ж. Ганбаатар ихэнх цагаа Энканто төслөө хөгжүүлэхэд зарцуулж байна. Долоон давхар грааш, 11 давхар спорт цогцолбор, Novatel хэмээх зочид буудал зэрэг юм юмтай энэ төслийн гол хувьцаа эзэмшигчийн хувьд, угийн нарийн чимхлүүр зангаараа бүх зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ. Ж. Ганбаатар захирал \”Бурхан гэж байдаг, сайн үйл хийвэл шагнана, муу үйл хийвэл хэчнээн нуусан ч хожим хойно үр дагаврыг нь амсана” гэдэгт итгэдгээ хэлэв. Аль болох олон хүнийг бизнес эрхэлдэг болгох нь түүний зорилго. Барилгын салбарын эрин үе дууссан гэдэг ч барилгын туслан гүйцэтгэгч компаниуд нэн их хэрэгтэй байгаа ба барилгын материалын үйлдвэрүүд барих хэрэгтэй байгааг онцолсон юм. Зөв санаатай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэдэг махруу байвал чи мөнгийг дагаж биш мөнгө чамайг дагах болно хэмээн тэрээр залууст захив.