Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж зохион байгуулсан Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Дагвадорж, нарийн бичгийн дарга Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг Ерөнхийлөгч Х.Баттулга хураах зарлиг гаргахаар болжээ.
Дүнжингарав уралдааны соёолон насны морьдын уралдаан шөнө болж олон хүүхэд мориноос унаж, бэртсэн бөгөөд энэ уралдааныг зохион байгуулсан удирдлагуудад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уралдааны талаар П.Сэргэлэн “Зөвшөөрөлгүй жижиг уралдаануудын үеэр унаач хүүхэд гэмтэх, мориноос унах тохиолдол цөөнгүй гардаг. ММСУХ-ноос энэ байдалтай сүүлийн 8-9 жилд тэмцэж зөрчил гаргахгүйн төлөө явж ирсэн. Саяын Дүнжингаравын соёолон насны морины уралдаан эхлэхийн өмнө зохион байгуулагчдын зүгээс уралдааныг зогсоох тухай санал гаргасан. Олон газраас ирсэн уяачид байсан учраас морио уралдуулах хүсэлт гаргасан. Соёолон насны морины уралдаан 18.40 минутад барианд орсон. Энэ хаврын нар их эрт доошоо орж байна” гэсэн тайлбар хийж байсан юм. Дээрх хүмүүс болон гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон нэр бүхий генералуудын цолыг ийнхүү хураах шийдвэр гаргаж байгаа Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар ЕТГ-ын дарга З.Энхболдоос тайлбар тодруулга авахад “Хариуцлага алдсан хэн бүхэнд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Тэр дагуу л Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргаж байгаа. Түүнээс биш хэн нэг хүнийг яллаж байгаа явдал огт биш. Угаасаа хуулиндаа тийм нөхцөлд цол хэргэмыг хураана гээд тодорхой заачихсан байдаг” гэсэн хариу өглөө.