Хүн толь цутгаж сураагүй байсан тэр цагт бие дүрсээ усанд хардаг байжээ. Тунгалаг сайхан усыг болортой зүйрлэдэг байсан бөгөөд Болор гэж нэртэй голууд байжээ. Нэгэн голын эрэг дээр ганц охинтой жижигхэн бор эмгэн амьдран суудаг байжээ. Тэр охины нэрийг Тамир гэдэг. Тамир охин өсөж том болоод уулын цээнэ, усны лянхуа шиг үзэсгэлэнтэй гоо бүсгүй болжээ. Хосгүй сайхан төрсөн Тамир бүсгүйг харсан эр хүн бүрийн сэтгэлд эрхбиш мөрөөдхийн хүслэн ургадаг байжээ.
Тамир бүсгүй өдөр бүр Болор голоос усаа авахдаа ариун тунгалаг голын усанд үзэсгэлэнт гоогоо тольдож уртын сайхан дууг уяхан хоолойгоороо аялж , урт хар гэзгээ самнан суудаг байжээ. Тэр үед Болор голын нэг буланд үнэхээр толь мэт ус байсан гэдэг. Тэгээд ч энэ голыг Болор толь гэж нэрлэжээ. Тамир бүсгүйн хамгийн их хайрлаж үздэг нь толь болгон хардаг тунгалаг ус нь байв. Тамирт тэр голын нэг баян хөгшин санаархжээ. Гэтэл Тамирт сэтгэлийн хайртай залуу байсан тул баянг үзэн яддаг байжээ. Иймд баян хорсохдоо Тамир хүүхний үс зүсээ харан тольддог өнөөх тунгалаг сайхан усыг булингартуулжээ. Тамир нэг өдөр толин дээрээ иртэл толинд юм харах нь байтугай юу ч үл харагдах гүнзгий цээлийн ус ногоорч байлаа. Тамир бүсгүй хармсахдаа толь ус олж авах санаатай цээлийн ус руу ороод дахин гарч ирсэнгүй. Тамир бүсгүйн дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа ирээд газраа өнжин хонон, гунин гутран хүлээж ядаад болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Харин Болор голыг Тамир хүүхний нэрээр нэрлэсэн гэнэ. Эдгээр газар Архангай аймгийн Гэрэлт зам нэгдлийн нутагт бий.