ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Тэгвэл тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд өгсөн байна. Тэдний хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал маргааш 09.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Харин Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих тухай санал одоогоор гаргаагүй байгаа аж.