Шингэн эмийн тун нь халбагаар бус миллитрээр хэмжигддэг. Халбагаар уух нь тухайн эмийн тун хэтрэх эсвэл тунгийн хэмжээ багадах, улмаар эмийн үйлчилгээ саармагжих нөлөөтэй байдаг гэнэ. Корнеллийн болон Гронингенийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар шингэн эмийг цайны халбагаар уухад тухайн эмийн тун нь 8,4 хувиар бага, хоолны халбагаар уухад тун нь 11,6 хувиар их байдаг нь тогтоогдсон байна.
Тэд энэ судалгаандаа насанд хүрсэн 177 хүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын 34,5 хувь нь өөртөө болон хүүхддээ эм өгөхдөө халбага хэрэглэдэг гэдгээ өгүүлжээ. Эмийн жорын дагуу хэмжээст халбагыг ашиглах ёстой байдаг боловч нийт хэрэглэгчдийн 60,9 хувь нь хэмжээст зориулалтын халбага болон шилэн савыг огт хэрэглэдэггүй нь тогтоогдсон байна. Хэмжүүрийн багажийг өөрчилсөн нөхцөлд их, бага тунгаас шалтгаалан бага насны хүүхдийн ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хордох, харших зэрэг эрсдэл үүсгэдэг байна. Энэ судалгааг хийснээр АНУ-ын хүнс, эмийн удирдах газар эмийн үйлдвэрүүдэд эмийн тунг халбагаар хэмжих бус, тодорхой зориулалтын хэмжүүр, халбагатай болгож худалдаанд гаргахыг шаардаж эхэлсэн байна.