Хамтарсан Засгийн газрыг байгуулахад Монгол Улсын хувьд хоёрхон улстай өрийн асуудалтай байсан. Нэг нь ОХУ, нөгөө нь Финланд. Хоёулаа энэ Засгийн газрын хугацаанд бүрэн шийдэгдсэн. Тэр дундаа ОХУ-д төлөх \”Их өр”-ийн үлдэгдлийг бүрмөсөн барагдуулах тохиролцоонд хүрсэн явдал бол их чухал асуудал байлаа. Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 1949-1991 оны хооронд авсан зээлээс үүдэлтэй өр юм. Тодруулж хэлбэл, үүний 9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан аж. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн, улмаар харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэ дотроосоо \”Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлөөд, 2.2 хувийг төлсөн байдаг.
Харин энэ гэрээнд \”Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байжээ. Гэтэл \”Монголросцветмэт нэгдэл” нь хугацаандаа зээлээ шийдээгүй байснаас асуудал үүссэн. Оюу Толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараахан Турк Улсын Стамбул хотод болсон Дэлхийн Банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр өрийн асуудлыг шийдүүлэхээр хандахаа мэдэгдсэн. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийн дагуу уг асуудлаар Оросын талтай хэрэлцээр хийхийг надад үүрэг болгосон.
Иймээс миний зүгээс ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин болон дэд сайд Д. Панкинаар ахлуулсан ажлын хэсэгтэй хэд хэдэн удаа Москва, Улаанбаатар, Вашингтон хотноо уулзалт, хэлэлцээр хийсэн. Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг \”Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болж, хоёр орны Сангийн сайд нар ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан. Ингэснээр \”Монголросцветмэт нэгдэл”-тэй холбогдох өр Монголын талд ашигтайгаар шийдвэрлэгдсэн түүхтэй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр, Сангийн яамны өрийн хэлтсийн дарга Д.Ангар, дэд сайд Т.Очирхүү, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Элчин сайд Д.Идэвхтэн болон ЭСЯ-ны ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэе.
Мөн Финландын өрийн асуудлаар 2009 оны 11-р сард Хельсинки хотноо хэлэлцээр хийж бүрэн шийдвэрлэсэн. Ийнхүү үүнээс хойш Монгол Улсын хувьд аль нэг улстай хугацаа хэтэрсэн өрийн асуудал байхгүй, гадаад эдийн засгийн харилцааны хувьд бусад оронтой эрх тэгш харилцахад маш тааламжтай, макро эдийн засгийн тогтвортой нөхцөл бүрдсэн билээ.
С.Баярцогт/\”Сангийн сайд нар” номын дурдатгалаас/