Нидерланд Улсын Хууль зүй, аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн дарга Клаас Дикхофф Гана, Энэтхэг, Ямайка,
Марокко, Монгол, Сенегал зэрэг улсуудыг аюулгүй орнуудын жагсаалтанд
оруулснаа зарлажээ.
Ингэснээр
эдгээр улсуудаас орогнох, цагаачлах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт
биелэх магадлал эрс багасч байгаа юм. Гуравдугаар сарын нэгнээс эдгээр
орнуудын иргэдийн хүсэлтийг тургэвчилсэн журмаар шийднэ.
Өөрөөр хэлбэл,
хүсэлтийг нь нухацтай судалж үзэлгүйгээр татгалзсан хариу өгч, хүсэлт
гаргагч нь үүнд давж заалдах эрхгүйгээр даруй Нидерландыг орхин гарах
болж байгаа юм.
Үнэхээр
цагаачлах үндэслэл байгаа бол түүнийг батлан харуулсан хангалттай
үндэслэл үзүүлэх шаардлагатай болж байна. Аюулгүй орнуудын жагсаалтанд
орсон улсуудад арьс өнгө, шашны ялгаварлах үзэл байхгүй, хүний эрх
зөрчсөн элдэв бодлого байхгүй зэрэг шалгуур үзүүлэлт тавьдаг юм.
Харин дээрх улсуудаас Марокко, Сенегал улсуудыг зөвхөн бэлгийн цөөнхийн асуудлаас (ЛГБТ) бусад талаар аюулгүй гэж үзсэн байна.
Жагсаалтанд
нэмэгдсэн дээрх орнуудаас 2015 онд 566 цагаачлах хүсэлт хүлээж авснаас
Гана (23), Энэтхэг (12), Ямайка (68), Марокко (80), Монгол (363),
Сенегал (20) хүсэлт тус тус ирсэн байна. Ямартай ч, Нидерландад Монголын цөөнгүй иргэн цагаачлан амьдардаг бөгөөд Европын Холбооны цагаачдыг нутаг буцаах аяны хүрээнд Нидерланд Улс Монголын иргэдийг нутаг буцаахаар болсны эхний алхам нь энэ боллоо.