Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй \”Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн энэ сарын эхээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр \”НАТО-гийн медаль”-иар шагнагдлаа.
Ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцлоо.
Арга хэмжээг цэргийн багийн захирагч Д.Сүхбат удирдсан бөгөөд Монгол Улсын Төрийн далбааг цэргийн жагсаалд залж, цэргийн багийн бүрэлдэхүүн болон хүндэт зочдод хандан үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлүүллээ.