Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төсөл нь гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжих юм.
Төслийн эхний шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хоёр дэд төвд түр 50 айлын орон сууц тус бүр нэг нэгийг, 8.6 км урт ариутгах татуургын гол шугам сүлжээг тавьсан бөгөөд дэд бүтцийн бусад ажлуудыг гүйцэтгэхээр газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Баянхошуун дэд төвийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 05 сарын 25-ны өдөр болсон бол өнөөдөр Сэлбэ дэд төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн орон сууцны корпорацийн ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар болон төсөлд гүйцэтгэгчээр оролцож байгаа компанийн удирдлагууд,иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо. Дэд төв бүрт хийгдэж ажлын товч танилцуулгыг хүргэе.
Баянхошуу дэд төвд хийгдэх ажлууд
-14 м өргөн, 7.42 км автозам барьж, 2019 оны хоёрдугаар улиралд Улаанбаатар зам засвар арчлалын газарт хүлээлгэн өгнө.
-1.000 м3 хүчин чадалтай ус ан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж Геодези, усны байгууламжийн газар хүлээлгэж өгнө.
-Тэнхлэгээрээ 50.0х33.0 хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн хоёр давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлыг энэ оны есдүгээр сард Нийслэлийн үйлдвэрлэл, Инновацийн газарт хүлээлгэн өгч ашиглуулна.
-Тэнхлэгээрээ 48.0х30.0 хэмжээтэй хоёр давхар 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил болон гадна шугам сүлжээтэй нь цогцоор нь хийж энэ оны есдүгээр сард Нийслэлийн Бололвсролын газарт хүлээлгэн өгнө.
Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээрээ Баянхошуу дэд төвийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус төвийн цэцэрлэгийн насны хүүхдийн СӨБ-д хамрагдалт 63 хувь болж нэмэгдэх юм. Мөн автозам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулж, автомашин ашиглалтын зардал буурна гэж тооцоолжээ.
Сэлбэ дэд төвд хийгдэх ажлууд
-26.68 мет хүчин чадалтай дулааны станц барих ажлыг гүйцэтгэнэ.
-24м, 30м, 60м-ийн урттай гурван ширхэг төмөрбетон гүүрийн барилгын ажлыг хийнэ.
-Тэнхлэгээрээ 48.0х30.0 м хэмжээтэй хоёр давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтыг дотор, гадна хамтад нь хийж гүйцэтгэнэ.
-2.4 км үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт болон ҮХС-ийн хамгаалалтын угсралтын ажил.
-1.000 м3 хүчин чадалтай ус ан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах.
– Тэнхлэгээрээ 50.0х33.0 хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн хоёр давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажил.
Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Мөн энд оршин суух цэцэрлэгийн насны хүүхдүүдийн СӨБ-ын хамрагдалт 55 хувь болж нэмэгдэнэ.
Энэхүү төслийн үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чухал суурь болсон төсөл юм. Энэ төсөл нь есөн жилийн хугацаанд хэрэгжих хугацаатай хэдий ч хэрэгжүүлж буй байгууллага, иргэд хоорондоо уялдаа холбоотой, хариуцлагатай, ажлын чанар гүйцэтгэлд анхаарч ажиллавал төсөл хурдан хэрэгжиж дуусах нөхцөл бүрдэнэ. Энэ төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 30 мянган иргэн шууд дулааны эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж байгаа нь том ахиц. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлж буй баг хамт олон болон, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлд талархсанаа нийт нийслэлчүүдийн өмнөөс илэрхийлье” гэсэн юм.
НИТХ-ын ХМОНХХ