Анх Камбож улсад дайн залуу охидод хэрхэн нөлөөлсөн тухай киног найруулж байсан жүжигчин Анжелина Жоли дахин энэ сэдвийг хөндөхийг зорьжээ. Тэрээр энэ удаад Афганистан улсад охидын эсрэг өрнөж буй хүчирхийллийг эсэргүүцэн шинэ бүтээлээ гаргахаар болсон байна.
Канадын нэрт зохиолч Дебора Эллисийн бичсэн уг зохиолыг Нора Твомэй дэлгэцийн бүтээл болгожээ. Киноны гол дүр болох 2001 онд Афганистанд Талибанчуудын хяналтан дор өсч торниж байсан 11 настай Парвана охины дүрд Канадын жүжигчин Саара Чаудри дуу оруулах аж.
Эцэг нь баривчлагдсаны дараа эмэгтэйчүүд эр хүнгүйгээр гэрээ орхиж явах боломжгүйгээс болоод Парвана ээж, дүү нарыгаа өлсгөлөнгөөс хамгаалахын тулд эрэгтэй хүүхэд болон хувцаслах болжээ.
Энэ нь хэдийгээр хүүхдүүдэд зориулсан түүх боловч Талибанчуудын дарангуйлал дор амьдрал ямар байдгийг тод томруун харуулж чадсан бүтээл юм.
Б.Болормаа